Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар төсвийн хөрөнгөөр Таван толгойн станцыг барихаар шийдвэрлэсэн  талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Таван толгойн станцыг барих асуудлаар бид 2018 онд Оюутолгой компанитай гэрээ байгуулсан. Үүнээс хойш энэ чиглэлээр хоёр тал нэлээд хамтарч ажилласан. Тус компаниас тодорхой саналууд ирүүлсэн. Тухайлбал, Станц нь 1.1 тэрбум долларын өртөгтэй байна гэсэн. Энэ нь дэлхийн зах зээлийн 1МгВ-ийн станцын өртөгтэй харьцуулахад харьцангуй өндөр. 1МгВ-ийн станц барих өртөг нэг сая евро байдаг. Иймд Засгийн газар уг саналыг хүлээж авах боломжгүй байна. 

Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ойрын дөрвөн жилийн хугацаанд багтаагаад 2024 онд ашиглалтад оруулахаар 450 МгВ-ын цахилгаан станцыг төр, Засгийн газар санхүүжүүлж барихаар шийдвэрлэлээ. Энэ нь төрийн өмчит компани байна. Санхүүжилтийг зээл зэрэг янз бүрийн хэлбэрийг ашиглан төрөөс босгоно. 

Тавантолгойн төсөлд нийт 17 сая доллар зарцуулсан байдаг. Энэ хүрээнд тус станцын ТЭЗҮ-ийг өмнө нь боловсруулсан байсан юм билээ. ТЭЗҮ нь манай яам дээр байдаг. Үүнийг ажил хэрэг болгож, станц баръя гэж шийдвэрлэлээ. Үүнд станц, шугам сүлжээ, усыг зэрэг бүх зүйлийг оруулаад 560-600 сая доллараас багагүй төсөв зарцуулагдана гэж үзэж байна. 

Энэ нь Оюутолгой компаниас санал болгож буй станцын төслөөс 30 хувь бага үнээр баригдаж, цахилгааны эрчим хүчний өртөг нь 50 хувь бага үнэтэй байна.

Урьдчилсан тооцооллоор цахилгаан станц ашиглалтад орсноос хойш 5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө" хэмээн мэдээллээ.