2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас шалтгаалсан осол 865 бүртгэгдсэний 555 нь буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод гарчээ.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ нь Монгол улсад 1 цаг тутам 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм.

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна.

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:

  • 9000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна.

Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог.

Иймд тус албанаас дээрх төрлийн осол, хэргийг бууруулах зорилгоор өнгөрсөн Баасан гарагт нийслэлийн гудамж, замд гэнэтийн хяналт шалгалтыг хийж ажиллаа.

Хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлэн саатууллаа.

Мөн энэ өдөр согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол бүртгэгдсэний 3 нь жолооч, 1 нь явган зорчигч бүртгэгдсэн байна.
Таньд гэж зөвлөхөд найз нөхөд, хайртай хүмүүс чинь архи уусан л бол жолоодох эрхийг түүнд бүү олго. Энэ нь та түүнийг осол аваараас цаашлаад амь насааалдах, бусдын амь насанд халдах эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм.

Замын цагдаагийн алба