Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд уламжлалт баярын үеэр хамгийн эрэлттэй байдаг бүтээгдэхүүн болох сүү, цагаан идээний худалдааг сурвалжлахаар Нарантуул ОУХТ-ийг зорилоо. 

Энэ жил цагаан идээний үнэ нэмэгдсэн ч худалдан авалт сайтай байна хэмээн худалдагч нар хэлж байлаа. 

Бидэнтэй ярилцсан цагаан идээний худалдаа эрхлэгч Б.Энхзул бараа бүтээгдэхүүнээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас авдаг гэнэ. Ер нь иргэдийн дунд Архангайн цагаан идээг авах сонирхол түлхүү байдаг. Худалдаачид ч "Бид цагаан идээгээ олон аймаг сумдаас авдаг ч  цагаан идээг боловсруулахдаа Архангайнхан шиг ажилсаг малчид ховор" гэж ярьж байлаа.

Сүүн хуруудийн үнэ:

35 ширхэг буюу 5 үе идээ засах ааруул 210 мянган төгрөг;

21 ширхэг буюу 3 үе идээ засах ааруул 126 мянган төгрөг;

Сүүн хуруудаар хийсэн тавгийн орой хэмжээнээсээ хамаарч  9.000 -48.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 


Хурууд ааруул 25 ширхэг, тавгийн суурь, орой багтсан ширгээмэл ааруулын багц 300-330 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Үхрийн сүүний ширгээмэл хорхой ааруул нэг кг нь  23-30 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол ямааны сүүний ааруул 35 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Тавгийн чимэглэлийн хэвийн ааруул 1 кг нь 20 мянгаас дээш үнэтэй. Эдгээр ааруулыг нэрс, чацарганаар зэрэг чимсээр амталж, чимэглэжээ. 

Сарлагийн хураасан өрөм 1 кг нь 25 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Энэ жил хүнсний бүтээдэхүүний үнэ нэлээд өссөн. Тэр дундаа дотоодын бүтээгдэхүүний үнэ өссөнд дургүйлхэх иргэд цөөнгүй. Харин энэ талаар цагаан идээний худалдагч нар "Цагаан идээ бол малчдын халуунд халж, хүйтэнд хөрж малаа хариулан өглөө оройгүй үнээгээ сааж, халуун гал дээр боловсруулалт хийх гээд бүтэн жил, зуны хөдөлмөр нь байдаг. Энэ хөдөлмөрийг үнэлэхээс арга байхгүй. Ингэж хичээл зүтгэл гарган цагаан идээ боловсруулдаг малчдад баярлах хэрэгтэй. 

Цагаан идээ боловсруулдаг аймаг, сум жил бүр л багасаж байна шүү дээ. 

Худалдан авалт хийж байгаа хүмүүсийг харахад экспортын чихэр авахдаа дунджаар 1 кг-ийг нь 30,40 мянган төгрөгөөр үнэтэй гэхгүй л авдаг. Үүн шигээ цагаан идээ худалдаж авахдаа ч тухайн бүтээгдэхүүнийг хийсэн малчдын хөдөлмөрийг үнэлж авдаг байгаасай гэж хүсэж байна." хэмээн ярьсан юм.