Энэ сарын 3-наас эхлэн томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгджээ. Нийслэл дэх эмнэлгүүдэд хүүхдийн нийт 977 ор байдгаас орны ачаалал 53.2 хувиар хэтрээд байсан ч яаралтай арга хэмжээнүүд авсны улмаас одоогоор эмнэлгийн коридорт орон дээр хүүхэд авсан тохиолдол байхгүй болсон хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.

Цаашид сар шинийн баярын үеэр ханиад томууны дэгдэлт нэмэгдэж, хорио тогтоох хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг анхааруулж, Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хамтарсан мэдээлэл хийсэн билээ.

Мэдээллийн үеэр тэд ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт тогтмол хэрэглэх, сар шинийн баяраар хүүхдээ дагуулан айл хэсэхгүй байх, мөн золгохдоо хүүхдийг үнсэхгүй байхыг уриалсан юм.

Мөн "Өнөөдрийн байдлаар томуугийн вирус лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байна. Гол вирус нь томуугийн А хүрээний Н1N1 вирусээр илэрч байна.

Эмнэлгийн ачаалал өндөр тул орны зохицуулалт хийж байна. Хан-Уул дүүрэгт 40 ортой хүүхдийн тасаг нэмэх, Сонгонохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зөвхөн хүүхдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авч байна.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн тусламжид шаардлагатай эм, судасны шахуургууд нийслэлийн эмнэлгүүдэд олгож байна. Гэхдээ байдал хүндрэх магадлалтай байна. Тиймээс эцэг эхчүүдийг эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, эмнэлгийн салбарын ажилчдын ажлыг ойлгож хүлээцтэй хандахыг уриалж байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж ажилчдынхаа эрүүл мэндийг бодох, 0-5 настай хүүхэдтэй ажилчдаа богино цагаар ажлуулан үр хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх, хүүхэд нь өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгох хэрэгтэй" гэдгийг хэллээ.