Өнгөрсөн долоо хоногт “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг 170 орчим компани нүүрсний уртын тээврийн үнэ хөлсийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн жишигт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарласнаа мэдэгдсэн билээ.

Тэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгөхийг шаардсан юм. 

Гэсэн хэдий ч заасан хугацаа буюу тавдугаар сарын 13-нд ямар ч хариу мэдэгдэл ирээгүй учраас Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо нэгдэн жагсаал хийхээ мэдэгдлээ.

Нүүрс тээврийн жолооч жагсаал хийх зөвшөөрлөө Өмнөговь аймгаас авсан бөгөөд энэ сарын 15-ны лхагва гарагт ЭТТ уурхай Цагаанхад чиглэлд хийхээр болжээ.

Өнөөгийн байдал үргэлжилбэл үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа зогсоох, тээвэрчдийн гэр бүл болох 20 мянга орчим өрхийн амьжиргаа хүндрэх , цаашлаад Монгол Улсын нүүрс тээврийн экспортын хэмжээ алдагдах ч аюул тулаад байгаа юм. 

Эсэргүүцлийн цуваа жагсаалд иргэд, ААН-ийн төлөөлөл машинтайгаа оролцох аж.