Х.Оргил
12 сарын 21, 2021
Covid-19 цар тахлын үед засгийн газар, болон эрүүл мэндийн эрх бүхий байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа хатуу хөл хорио, тусгаарлалт, карантин, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, зөвлөгөө авахад хүндрэлтэй байдал, эрүүл мэндийн ажилтнуудыг өөр зорилгод татан авсан дайчилгаа зэрэг арга хэмжээнүүд нь хүний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхэд шууд сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Хүн амын сангийн судалгаа харуулсан байна.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудын нэг болох эмэгтэйчүүд болон охидын төрөлтийг хянах явдал цар тахлын үед алдагдсан гэжээ. Энэ нь гэр бүл төлөвлөлтөд маш их сөргөөр нөлөөлжээ.
Хатуу хөл хорионоос болж эмэгтэйчүүд, охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл их гарсан, гэр бүлийн хүчирхийлэл их гарсан, аюулгүй орчинд үр хөндөлт хийх боломж хязгаарлагдсан, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буурсан байна. Мөн сургуулиудыг хаасан явдал нь өсвөр насны охид бэлгийн боловсрол, мэдээлэл авах явдал хязгаарлагдсан аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гаргасан нийт 194 гишүүн орнуудын тайланд Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн багажны олдоц, хүртээмжтэй байдал 38.7 хувь хүртэл буурсан гэжээ.
Мөн цар тахлын үед дэлхий нийтийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээ доголдсон сүүлийн 12 сард эрэгтэй бэлгэвчний хангамж буурсан, олдоцгүй болсон явдал нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхэд шууд сөргөөр нөлөөлжээ.
Манай улсад түр зуурын цар тахлын үеийн хууль мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хуулийн үйлчлэл энэ сарын сүүлээр дуусах байсан ч эрх баригч нам уг хуулийг дахин зургаан сараар сунгах төлөвлөгөөтэй байна. Уг хуулиар хатуу хөл хорио тогтоох, шууд томилгоо хийх, шууд худалдан авалт хийх зэрэг төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулах эрхийг засгийн газарт олгосон байгаа. Монгол улсад өнгөрсөн хугацаанд нийт 7 удаа хатуу хөл хорио тогтоосон юм.
бэлгийн хүчирхийлэл коронавирус нөхөнүржихүй хөл хорио цар тахал цар тахлын эсрэг хууль
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.