Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр "Хямралын мэдээллийн харилцаа оролцогч талуудын хамтын ажиллагаа" сэдэвт туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж дууслаа. 

Энэхүү хөтөлбөрөөр хэвлэл мэдээлэл, төр, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 9 хүнтэй баг бүрдүүлж, КОВИД-19 цар тахлын үеийн эрсдэлийн мэдээлэл харилцааны туршлагад тулгуурлан чадавхжуулсан аж. 

Эхний хоёр сарын хугацаанд багийн гишүүд олон улсын болоод үндэсний сургагч багш, мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөх үйлчилгээнд хамрагджээ. Үүний дараа тэд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны гэр хорооллын иргэдийг хамруулан мэдээлэл харилцааны бичил төслийг хэрэгжүүлсэн байна.

Тус хороо нь хотын зүүн захын хороо бөгөөд шилжин суурьшсан иргэд ихтэй, алслагдмал бүс учраас мэдээллийн тэгш бус байдал үүссэн хэмээн үзжээ. Манай улсын хэмжээнд анх удаа хэрэгжүүлсэн энэхүү туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. 

Хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Хэвлэлийн зөвлөлийн төслийн менежер Н.Ганчимэг: 


"Амьдарч байгаа бүс нутаг, техник технологи, интернэтийн хангамж зэргээс болоод мэдээлэл дутуу хүрч байна. Ингэж мэдээллийн тэгш бус байдалд өртөж байгаа хүмүүст хүртээмжтэй, баталгаатай мэдээлэл хүргэх зорилгоор "Хямралын мэдээллийн харилцаа оролцогч талуудын хамтын ажиллагаа" туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдээс хөтөлбөрийн эхэнд авсан судалгаагаар иргэдийн ихэнх нь КОВИД-19 халдвартай холбоотой мэдээллийг телевиз, сошиал медиагаас авдаг гэж байсан ч эрүүл мэндтэй холбоотой шийдвэрийг гаргахдаа ойр тойрныхон, алдартай хүмүүсийн аман ярианд, мөн өрхийн эмнэлэг, илүүтэй итгэдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Ингээд бид иргэдийн мэдээлэл авдаг гол эх сурвалжуудаар баталгаатай мэдээллийг түгээх арга хэмжээг авч ажилласан. Жишээ нь хувь хүний түүх, туршлагад тулгуурласан нэвтрүүлэг бэлтгэх, өрх бүрээр хэвлэмэл материал тарааж, худаг, дэлгүүрүүдийн хананд хадах зэргээр мэдээллийг иргэдэд ойртуулсан. 

Мэдээллийн агуулгыг цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан хүргэхэд анхаарч ажиллалаа. 

Тухайлбал, нэгдүгээр сард омикрон хувилбарын дэгдэлт, вакцины нэмэлт тунтай холбоотой мэдээллийг хүргэсэн. Хоёрдугаар сард цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийн талаарх мэдээллийг түлхүү бэлтгэсэн. Гуравдугаар сарын тухайд ковидын халдвар аваад эдгэрсний дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар мэдээллийг хүргэсэн" гэв.

Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар БЗД-ийн 23 дугаар хорооны "Нэмүүлэн" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Чанцалмаа:


Бид "Хямралын мэдээллийн харилцаа оролцогч талуудын хамтын ажиллагаа" туршилтын хөтөлбөрт хамрагдсанаар хорооны удирдлагууд, өрхийн эмнэлгийн эмч ажилчид шаардлагатай мэдээллээ иргэдэд хэрхэн хүргэх вэ, ямар сувгийг ашиглан, яаж боловсруулах вэ гэдэг тал дээр суралцсан. 

Тухайлбал бид өрхийн эрүүл мэндийн төвийнхөө албан ёсны пэйж хуудсыг нээн, коронавируст халдвар, вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээллийг тогтмол хүргэж эхэлсэн. 

Үүний үр дүнд манай хорооны иргэд эмнэлгийн пэйж рүү холбогдож зөвлөгөө авах, асууж тодруулах зүйлээ шууд бичиж харилцах болсон. Ингээд ажлын явц дундаа мэдээллээ хэрхэн боловсруулж хүртээмжтэй байдлаар хүргэх вэ, хэрхэн ажиллуулах уу төслийн мэргэжилтнүүд зааж зөвлөснөөр бид туршлагажиж үр дүнгээ өгөөд байна. Иргэдийн мэдлэг сайжирч байгаа нь анзаарагдсан. 

Жишээ нь вакцинжуулалттай холбоотой мэдээллийг эмнэлгийн пэйжээс хараад, чатаар холбогдон тодруулж, тодорхой мэдээлэлтэй болсон даруйдаа коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан тохиолдол цөөнгүй бий. Вакцинтай холбоотой мэдээлэл түгээсэн өдөр вакцинд хамрагдахаар ирэх иргэдийн тоо нэмэгддэг хандлага ч байна." хэмээн ярилаа.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр "Хямралын мэдээллийн харилцаа оролцогч талуудын хамтын ажиллагаа" хөтөлбөр нь цар тахлаас гадна газар хөдлөл, үер усны аюул гэх мэт бүх нийтийг хамарсан аюулт нөхцөл байдалд төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах, мэдээллийн жишээ загвар боловсруулах зорилготой ажээ. 

Өнөөдрийн танилцуулгын үеэр цаашид энэхүү төслийг үргэлжлүүлж, туршлага ололт амжилтыг бусад дүүрэг, орон нутагт нэвтрүүлэх, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар холбогдох байгууллагын ажилтнууд санал солилцсон юм.