Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдож байсан хуульч Л.Бямбаа амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Талийгаачийг өнөөдөр эцсийн замд нь үдэж буй юм.

Тус хэргийн талаар талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл өглөө. 

Тэрээр "Талийгаачийг анх 2 дугаар сарын 21-ны орой аваачиж хорьсон. Маргааш нь буюу баасан гарагийн өглөө өмгөөлөгч нь уулзахаар очиход Ганц худагаас АТГ-ынхан аваад явсан байдаг. Тус өдөр түүнийг АТГ-ын хойно буй байшингийн нэг өрөөнд бүтэн өдөржин ганцааранг нь суулгасан. Энэ бол эрүүдэн шүүлт. Талийгаач бол 68 настай эмэгтэй хүн. Тэнд яг юу болсныг мэдэхгүй. Бидэнд буй мэдээллээр бол АТГ-ын эрх бүхийн албан тушаалтнууд орж дарамталсан, хүүхэдтэй нь холбоотойгоор ч дарамталсан үйл явдлууд байгаа. 

Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагын ажилтан талийгаач энэ өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтад байсан тухай мэдээллийг авч чадаагүй байгаа. Харамсалтай үйл явдал боллоо. Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэсэн, АТГ гэдэг юунд ч дийлдэхгүй байгууллага гараад ирлээ.

Хүний амь насыг хохироочихоод уучлал гуйхын оронд энэ хүн чинь авлига өгч байгаад баригдсан гэсэн утгатай юм яриад явж байна. Гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоогоогүй байхад хүнийг гэм буруугүйд тооцдог. Гэм буруутайд тооцохыг хориглодог. Гэтэл 24 цагаас илүү хорьсон хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд энэ хүнийг амиа хорлосон мэтээр, гэмт хэрэгт холбогдсон мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. Өнөөдөр хүний амь насанд хүрсэн ШШГБ, АТГ-ын ажилтнууд инээгээд л ажлаа хийгээд явж байна. Монгол Улсын төрийн байгууллагууд нийлж байгаад энэ хүний амь насыг хохироосон. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой.

Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар талийгаач бол амиа хорлох хүн биш. Шүүхийн салбарт олон жил ажилласан, олон ном бүтээл туурвисан хүн гэж үзэж байгаа. 

АТГ тэр өрөөнд ямар процесс болсон талаарх бичлэгээ цагдаагийн байгууллагад өгөхгүй байна. Үүнийг бид хардаж байгаа. 

Хоёрдугаарт, хуулинд заасан хүний үндсэн эрх бол өмгөөлөгчтэйгээ уулзах байдаг. Гэтэл 21-ний орой АТГ дээр авчраад 00:40 цаг хүртэл байлгахдөө өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Маргааш нь бүтэн өдөржин ирж хүлээсэн мөн уулзуулаагүй. Өмгөөлөгчтэй уулзуулна нь, ар гэрийнхэнтэй холбоо барих боломжийг олгоно гэсэн хуулийн заалтыг зөрчиж 68 настай эмэгтэй хүнийг бүтэн өдөржин ганцааранг нь байлгасан.

Өмгөөлөгч нарын зүгээс АТГ болон хуулийн байгууллагын ажилтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн Эрүү үүсгэн шалгуулах гомдлоо гаргаад явж байгаа. 

Бид амиа хорлосон гэдэгт нь эргэлзэж байгаа. АТГ-ыг шалгадаг байгууллага гэж алга. Тэд хүссэнээрээ хуульгүй ажиллаж байна. Ингэснээрээ нэг хүний аминд хүрлээ. Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг хорьдог дээд цаг нь 24 цаг байдаг хуультай. Гэтэл 24 цагаас илүү хугацаагаар хорьсон байна. АТГ-аас өгч буй мэдээнд бид эргэлзэж байна" хэмээлээ.

Өмгөөлөгчийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тэрээр уг асуудлаар АТГ-т хандаж буй аж.

Талийгаач Л.Бямбааг амиа хорлосон байж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж буй бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь тус мэдээлэлд эргэлзэж буйгаа мэдэгдээд буй юм.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өчигдөр мэдээлэл хийж "Хэргийн газраас гэрээслэл олсон. Гэрээслэл болон бусад зүйлсийг шинжлүүлэхээр ШШҮТ-д шинжээч томилсон. Дүн нь гараагүй байна. Тиймээс амиа хорлосон эсэхийг хэлэх боломжгүй" гэсэн юм.

Харин үүний дараа ШШГЕГ-аас мөн тус асуудлаар мэдээлэл хийж "Хэрэг гарсан Цагдаг хорих 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалтын ажилтан, жижүүрүүд хариуцлага алдсан учир ажлаас нь чөлөөлөхөөр болсон" хэмээн мэдэгдсэн.