Шатахууны үнийн асуудлаар ШӨХТГ, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр хамтарсан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 2020 оны 114 дүгээр тогтоолд олон улсын зах зээлийн үнэ буурсантай холбогдуулан бүх төрлийн шатахууныг литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг цаашид тогтвортой байлгахыг тусгасан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хамгийн ихээр хэрэглэгддэг А92 авто бензиний найман сарын хугацаатай тогтворжуулах гэрээг импортын компанитай бид хийсэн. Улмаар найман сарын хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарыг дуустал А92 бензиний үнэ улсын хэмжээнд тогтвортой байх юм. Хамгийн хол сумтай Говь-Алтай, Завхан аймгуудад А92 бензиний үнийг 1500-1670 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгасан.

Улаанбаатарын хэмжээнд 1320-1400 төгрөгөөр борлуулагдана. Өчигдрөөс эхлээд бензин буюу дизель түлшний жижиглэнгийн үнэ буурч эхэлсэн. Өнөөдрийн дотор бүгд буурна

2020 он гарснаар газрын тосны үнэ буурсныг дагаад түүхий тосны үнэ дараалан буурч орж ирсэн. Гэвч тавдугаар сараас түүхий тосны тогтвортой үнэ өсөж эхэллээ. 

Гадаад зах зээлийн үнэ буугаад 20-иос доош ам.доллар руу орсон байхад бензиний үнэ яагаад буурахгүй байна вэ гэж иргэд нэг сарын өмнө асууж байсан. Манай улсад нэг сарын дараа орж ирдэг учраас сарын дараа бууруулдаг. Тэгвэл өнөөдөр бид эсрэгээрээ дэлхийн түвшинд газрын тосны үнэ өсөж байхад өчигдрөөс бүтээгдэхүүний үнээ буулгаж байна. Энэ нь үнийн хэлбэл манай улсад нэг сарын дараа нөлөөлдгийн бодит жишээ юм" хэмээлээ.

Мөн тэрээр "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монгол Улсад сүүлийн гурван сарын хугацаанд бензиний үнэ дараалан буурч байгаа. Үүнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, такси, тээврийн үйлчилгээ зэргийн үнийг бууруулахаар байгууллагуудтай хамтарч ажиллах санал өгөх зөвлөмжийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн хурлаар гаргасан" гэв.