Умард Солонгос улс цөмийн туршилтаа зогсоож, социалист эдийн засгийг бүтээн байгуулах шинэ стратегитайгаа холбогдуулан цөмийн зэвсгээс татгалзах үйл явцад нэгдэж байна. Энэ тухай Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдааны үеэр мэдэгдсэнийг Төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.

Тэрбээр хэлэхдээ “цөмийн туршилтаа зогсоох нь дэлхийн нийтийн цөмийн зэвсгээс татгалзах үйл явцад чухал бөгөөд Умард Солонгос улс цөмийн туршилтаа бүрэн зогсооход чиглэгдсэн олон улсын хүчин чармайлтад  нэгдэж байна. Манай улс цөмийн туршилт явуулах болон баллистик пуужин хөөргөхөөс татгалзах, социалист эдийн засгийг бүтээн байгуулах шинэ стратегийг хөгжүүлэхтэй холбоотойгоор цөмийн зэвсэг болон технологийг бусад улсад дамжуулахгүй. 

Хэрэв манай улсын эсрэг цөмийн аюул заналхийлэл учруулах, өдөөн хатгалга хийхгүй бол бид хэзээ ч цөмийн зэвсэг хэрэглэхгүй. Бид хүчирхэг социалист эдийн засгийг бүтээх хийгээд ард иргэдийнхээ амьдралын түвшинг эрс дээшлүүлэхийн тулд хүний болон материалын нөөцөө дайчлахад бүхий л хүчин чармайлтаа төвлөрүүлэх болно. Шинэ стратегийг хөгжүүлэхтэй холбогдуулан Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор манай улсын эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгтэй хийх яриа хэлэлцээгээ  идэвхжүүлэх бодолтой байна" гэжээ. 




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг