Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцыг Засгийн газраас нийслэлд шилжүүлсэн. Улмаар тус орон сууцанд иргэдийг ямар сонгон шалгаруулалтаар оруулахыг Нийслэл шийдвэрлэх юм.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” журмыг хэлэлцсэн. Улмаар тус журмыг батлуулахаар НИТХ--ын Тэргүүлэгчид рүү шилжүүлсэн юм.

972 айлын тус түрээсийн орон сууцанд иргэдийг хэрхэн хамруулах талаар  "Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Хөгжлийн банкны зээлээр барьсан "Буянт Ухаа-2" орон сууцыг нийслэл рүү шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкин дээр гэрээ хэлцлийн асуудлууд явагдаж байна. Хамгийн чухал зүйл нь хүүг бууруулах боломж байна уу, төлөх хугацаа нь ямар байх вэ зэрэг асуудлыг ярилцаж байна. 

Эхний өгсөн саналаар 5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй төлөхөөр байна. Яагаад хүүг бууруулах асуудлаар санал өгч байгаа вэ гэхээр хүү буурснаар түрээсийн орон сууцанд орж байгаа иргэдийн төлөх орон сууцны үнэ буурах боломжтой. 

Мөн бид түрээсийн орон сууцанд оруулах шинэ журам гаргаж байгаа. Шинэ журамд орсон гол заалтуудаас дурдахад:

  • Инженерийн дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч буй иргэд, 
  • Залуу гэр бүлийг сонгохдоо нийгмийн даатгалыг төлсөн хугацаа болон хүүхдийн тоог харгалзаж үзнэ. 
  • Өрх толгойлсон эцэг, эхийг сонгохдоо мөн хүүхдийн тоог нь харгалзаад хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхэлж олгоно гэх мэт заалтууд байгаа. 

Уг журмыг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд НИТХ Тэргүүлэгчдийн хурал руу шилжүүлсэн. НИТХ-ын Тэргүүлэгчид тус журмыг батласны дараа ХЗДХ-ийн яам хянадаг. Мөн дээрх 972 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байгаа учир дутуу ажлыг гүйцээхэд анхаарч байна.

Хөгжлийн банктай хэлцлийн асуудал дуусаагүй байна. Эдгээрээс үүдээд цахим бүртгэлийг албан ёсоор 7 дугаар сарын 22-нд эхлүүлэхээр төлөвлөсөн. Тус 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээс хэлбэрээр буюу худалдан борлуулахгүй түрээслүүлнэ. Үүнд БХБЯ-наас гаргасан журмын дагуу 8 төрлийн өрхөд олгоно.

Мөн 30 хувийг нь түрээслэж байгаад өмчлөх хэлбэр рүү оруулна. Энэ нь нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд олон иргэн сонирхож асууж байна. Энэ нь 5 жилийн хугацаанд тэнцүү төлбөрөөр төлбөрөө төлж дуусгах хэлбэр юм. Үлдсэн 40 хувийг нь түрээсийн орон сууц барихад зориулагдсан газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдэд түрээслүүлнэ гэдэг санал оруулаад байна. 

Түрээслээд өмчлөх хэлбэр дээр өрхүүдийн нэг сард төлөх төлбөрийг 1.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцоолж байна. Үүнд сард 600.000-1.000.000 төгрөг төлөөд яьдаг тогтолцоо руу шилжүүлэхээр явж байна" хэмээлээ.

Цахим бүртгэлийг явуулсны дараа сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр шилэн хэлбэрээр явуулах аж. Бүртгэлийг 7 дугаар сарын 22-ноос эхлэн долоо хоног явуулах бөгөөд үүний дараа иргэдийг сонгон шалгаруулаад 8 дугаар сараас иргэдээ түрээсийн орон сууцанд оруулж эхлэхээр төлөвлөжээ.