Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж байна

Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

Гадаас эх орондоо ирж тусгаарлагдаад үргэлжлүүлэн гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. Гэсэн хэдий ч иргэд маань тусгаарлах журмыг үл хайхарсан явдал гарсаар байна. Тухайлбал өнгөрсөн хугацаанд 14 иргэн архи согтууруулах ундаа хэрэглэж гэртээ агсам тавьсан дуудлага ирж эрүүлжүүлэгдлээ. Энэ бол аюул юм. Тухайн иргэнээс сүүлд ч гэсэн вирус илрэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Дэлхий дахинд өнөөдөр сая шахам хүн коронавирусийн халдвар авч, 50 мянга гаруй хүн амь насаа алдчихлаа. Энэ хэцүү цаг үед монголчууд илүү сонор сэрэмжтэй, өндөр хариуцлагатай, өөрөө өөртэй өндөр шаардлагатай байхаас өөр арга алга. Энэ мэтээр тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө тусгаарлаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээ авах болно. Уг нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа энэ үед торгуулах мөнгөө ахуйдаа зарцуулах нь хэрэгтэй баймаар юм. Өнөөдөр 624 газарт тусгаарлах байрны хяналт хийгдэж байна. Дэлхий нийтэд дэг журамтай газруудад коронавирусийн тархалт харьцангуй бага гарсан нь тогтоогдчихсон. Иймээс сонгуультай холбоотой жагсаал цуглаанаа хойшлуулахыг хүсье. Мөн тусгаарлалтад байгаа иргэдийн дунд ухамсартай хүмүүс ч зөндөө байгааг дурдах ёстой. Зарим нь нэлээд уйдаж байна. Энэ тал дээр БСШУСЯ ч анхаармаар байна. Юутай эхний ээлжинд үнэ төлбөргүйгээр гарч байгаа монгол бичгийн хичээлээ ч болтугай үзэхийг уриалая.