Б.Баясгалан
08 сарын 07, 2019
Нийслэл хотод 08 дугаар сарын 06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж, үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа.
Тухайлбал, Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги болон Цагдаагийн хэлтсийн нийт 13 алба хаагч, 2 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулсан.
Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 27 дугаар хороо “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, мөн 27 дугаар хорооны “Чухаг” хотхоны 21 дүгээр байрны зоорийн давхар, 7 дугаар хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж “Мана” амралтын газрын барилга болон 21 дүгээр байрны усыг насосоор соруулж, гудамжны усыг 5 метрийн урт шуудуу ухаж зайлуулсан.
Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Тахилт”-ын дөрөвдүгээр гудамжны 21, 67, 128 тоот хашаа, мөн тус хорооны “Доод салхит”-ын зургадугаар гудамжны 52/а, 52/б, 53 тоот хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг зайлуулсан.
Хан-Уул дүүргийн 4, 10 дугаар хороо 35 дугаар байрны зоорийн давхар, 1 айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, гэр, хашааны усыг 5 метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн давхарт орсон усыг насосоор соруулан зайлуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.