Үерт өртөж, орон гэргүй болсон эхний ээлжийн 20 айлын буурийг засаж, гэрүүдийг барьж байна

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 09, 2023

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөр болсон. Цаашид үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс үерт өртөх эрсдэлтэй байршилд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны "Богдын даваа Тоосгоны задгай" орчимд таван га газар бэлджээ. 

НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил “Үерт өртөж, орон гэргүй болсон эхний ээлжийн 20 айлын газрын зураг, кадастрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас хийсэн. Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон дүйцүүлэхийн албан хаагчид буурийг засаж, гэрүүдийг барьж байна. 

Өнөөдөр нийт 20 гэр барина. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ худаг байгуулахаар болсон. Харин "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК цахилгааны трассаа гаргаж, цэгүүдээ тодорхойлоод байна. Зам засах ажил дуусаж, машин явах боломжийг бүрдүүлсэн” гэв.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үер буусан 21, 27, 29 дүгээр хороодод есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, үерийн гамшигт өртсөн нийт өрх, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гаргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ талаар мэдээлэхдээ "Үерт өртсөн өрхүүдэд 1430 иргэн байгаагаас хүүхэд 609, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэн байна. Дүүргийн түр байрлуулах байранд 18 иргэн байгаагаас найм нь хүүхэд, хоёр нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг байна" гэв.

Дээрх судалгаа нь гэр оронгүй болсон өрхөд гэр олгох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх, хүнсний нэг удаагийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болох ажээ.

Холбоотой сэдвүүд

үер2023 үерийн гамшиг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.