УИХ-ын хаврын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх учиртай. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд томоохон олон хуулийн төслийг тус чуулганаар хэлэлцэн батлах юм. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай гэх мэт томоохон 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг чиг үүргийнхээ хүрээнд эрхлэн гүйцэтгэнэ.

Гэвч коронавирусийн халдвар илэрч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын хурлаас өөр хурал, зөвлөгөөн хийхийг түр хориглоод буй. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаан, Ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг Төрийн ордноос өөр газар, тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах хувилбарыг сонгоод байна.

Түүнчлэн дээрх хурал, хэлэлцүүлгүүдийг цахим программ ашиглан, зайнаас явуулах боломжийг мөн бүрдүүлж байгаа аж. УИХ-ын удирдлага, гишүүд эдгээр хувилбаруудыг бүрэн дэмжиж, хуралдаануудаа хийхээр бэлтгэж эхэлжээ.