Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын олборлолт хийж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох яам, газрын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал, УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, МХЕГ, Тагнуул, Цагдаагийн дарга нарт үүрэг өгөв.

Энэ үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж буй зарим олигархи Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс нутгийн иргэд газар нутгаа хамгаалж уйлаад ирж байна. Тэд ерөөсөө төрөөс юм гуйгаагүй. Энэ бол зөвхөн газар нутгийнхаа онгон дагшин байдлыг хамгаалж үлдэх гэсэн ард түмний илэрхийлэл. Ард түмэн ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Би энийг анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байна. 

Ерөнхий сайдын хувьд би энэ асуудлаар 2-3 удаа үүрэг даалгавар өгсөн. Холбогдоод буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчиж, ард түмнийг бухимдуулаад, хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж бодож байна. 

Олигархиуд албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна. 

Тагнуул, цагдаагийн дарга та нар харж байгаа байх. Хэлэлцүүлэг дээр н.Нямдаваа гэдэг хүн энэ уул уурхайн үйл ажиллагааг зогсоох гэж хөөцөлдөхөд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаж байхад яагаад шалгахгүй байгаа юм.

“Сауд гоби коэл транс” ХХК-д лиценз өгсөн бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн байна. Яагаад энийг олж харахгүй байна вэ БОАЖ-ын сайдаа, УУХҮ-ийн сайдаа, Тагнуул, Цагдаагийн дарга нараа. Хэрэг үүсгэж шалга.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдрийн дотор шийдвэр гаргаж, лицензийг нь цуцла. Аваачаад тавьчихсан байгаа машин, техник хэрэгслийг нь Цагдаагийн дарга та өөрөө газар дээр нь очин ажиллаж журамла. Ард түмэнд авлига өгөх гээд буйг шалга Тагнуулын дарга аа. Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” ХХК-иар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг. 

Хууль зөрчсөн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоо. Тост, тосон бумбын ордыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд ав. Ингээд одоо ажилдаа орцгоо" хэмээлээ.