УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 51 зүйлийн 2 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,2 дахь заалтыг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.

Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрбээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажилласан. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэнүнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэтэй танилцсан байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-ын чуулганы хуралдаанаар танилцуулав

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэллээ. 

Гишүүдийн зүгээс нэр дэвшигч болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад хандаж Монгол Улсын шүүхийн хараат бус үйл ажиллагааг хангах, улс төрөөс ангид байх, шударга ёс, хуульд захирагдаж ажиллахыгзахихын зэрэгцээ, шүүгчдийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, ёс зүйн хэм хэмжээндээ ажиллах шаардлагатай байгааг анхааруулж байлаа. 

Чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай танилцсан талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.