МЕХИКО. /TASS/. Мексикийн эрх баригчид Гватемалтай залгаа хилд хяналтаа чангатгахын тулд тус хил рүү Үндэсний гвардын цэргийн албан хаагчдаа илгээхэд бэлэн байгаа тухай Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгджээ.


“Үндэсний гвард бүс нутагт тэр дундаа өмнөд хил дэх нөхцөл байдлыг хариуцах ёстой. Тэнд Үндэсний гвардын 6000 цэргийн албан хаагчийг байрлуулах болно гэдгээ бид АНУ-ын эрх баригчдад мэдэгдсэн. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-тай хийсэн яриа хэлэлцээний үеэр Мексикийн төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадаагүй учир яриа хэлэлцээ баасан гарагт үргэлжлэх болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.  



Цагаачлалын хямралтай холбогдуулан энэ сарын 10-наас эхлэн Мексикийн бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд мэдэгдсэн юм. Мексикийн эрх баригчид хууль бус цагаачлалыг таслан зогсоохын тулд шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэхгүй бол татварыг энэ оны 10 дугаар сар хүртэл сар тутам 5 хувиар нэмэгдүүлэхээ тэрбээр анхааруулсан юм. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Төв Америк болон бусад улс орны цагаачдын урсгалын хариуцлагыг Мексик хүлээхгүй болохыг тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. АНУ, Мекикийн эрх баригчдын яриа хэлэлцээ энэ сарын 5-нд Вашингтонд эхэлсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг