Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийв. 

Салбар хорооноос долоодугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долоодугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр Соёолон нас 23 км-т, Даага 12 км-т уралдуулах юм байна. Мөн Шинэ Монгол морь, жороо морьдын уралдааныг долоодугаар сарын 13-ын өдөр зохион байгуулахаар тогтжээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн хурдан морь уралдуулах дүрмийг батална гэж заасан байдаг. Морь уралдуулах дүрэм нь 2005 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. Хурдан морийг 7-оос дээш насны хүүхдээр унуулна. Бай шагналын 20 хувийг унаач хүүхдэд олгоно гэсний дагуу зохион байгуулж байна. Морьд цурхайруу гарсан үед Шүхрийн буулт, Морьтон Монгол зэрэг үзүүлбэрүүд болно. Хурдан морь уралдааны зохион байгуулалтад 2500-3000 төрийн албан хаагчид ажиллана” хэмээлээ.

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Энэ жил 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулагдах наадмуудад уралдах унаач хүүхдүүдийг хурууны хээний цахим бүртгэлээр бүртгэнэ. Өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлж, насанд хүрээгүй хүүхэд уралддаг байдлыг таслан зогсоох зорилготой. Мөн хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Мөн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн морь унаж уралдахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг бичгээр авах болно.

Уралдаж буй хүүхэд амь насаа алдсан тохиолдолд нөхөн олговорын дээд хэмжээ таван сая төгрөг байгаа. Хүүхдийн амь нас таван сая төгрөг байж болохгүй. Уралдаанч хүүхдийн гэнтийн ослын даатгалыг бүртгэлжүүлж, зөвшөөрөл авсан 11 компани байна. Өнөөдрийн байдлаар уралдаанд оролцож буй хүүхдүүдийн даатгалын хураамжийг нэмэгдүүлснээр нөхөн олговорыг нэмэгдүүлэх боломжтойгоо илэрхийлсэн есөн компани байна. Бид хариуцлагатайгаар хүүхдийн нөхөн төлбөрийг гаргаж чаддаг компанитай хамтран ажиллана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэг удаагийн хураамжийг 100 мянган төгрөг болговол нөхөн олговорыг 20 сая хүргэж болно гэж даатгалын компаниуд хэлж байна” хэмээв.