УИХ-ын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдад хандан “Монгол Улсад коронавирус /Сovid-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин өглөө.

Тэрээр энэ үерээ "Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13,745, цагдаагийн байгууллагын 920, Онцгой байдлын байгууллагын 530, Мэргэжлийн хяналтын байгууллагын 1,950, бусад төрийн захиргааны байгууллагын 1,200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18,648 хүн ажиллаж байгаа. 

Халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гардан хариуцан хэрэгжүүлж буй ЭМЯ, ГХЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд ажилтнууддаа богиносгосон цагаар ажиллах, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, албан хаагчдыг хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, албан хаагчийн ар гэрт нь хүнсний тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий аудио, видео хичээлүүдийг өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. 

Тухайлбал, Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41.0 сая төгрөг олгоно.  

Өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал олгоно. Үүнд зарцуулагдах нийт 631,900,000 төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгоно. 

Үүнд, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд хамаарна" хэмээлээ.