Америкийн “Forbes” сэтгүүлээс жил тутам танилцуулдаг хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Дуэйн Жонсон тэргүүлжээ.

Өдгөө 47 настай, "Rocky" хочит Дуэйн Жонсон 12 сарын хугацаанд 89.4 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн жилийн жагсаалтын хоёрдугаар байраас нэгдүгээрт бичигдсэн байна.

Тэрбээр киноноос 23.5 сая хүртэл ам.долларын гонорар буюу шагналын мөнгө авдгаас гадна “Jumanji: Welcome to the Jungle" /2017/ зэрэг кинонуудын ашиг орлогын 15 хувийг нь хүртдэг ажээ. Энэхүү кино дэлхийн кино прокатуудаас 962.1 сая ам.долларын ашиг олсон байна. Жонсон мөн "HBO" сувгаар 2015 оноос хойш гарч байгаа "Ballers" телевизийн алдартай цувралын анги тус бүрээс 700 мянган ам.долларын авлагатай аж.


Жагсаалтын хоёрдугаарт, Крис Хемсворт 76.4 сая ам.долларын орлогоорооо бичигдсэн бол 66 сая ам.долларын орлого олсон Роберт Дауни гуравдугаарт орсон байна.


Түүний дараагаар Болливудын од Акшай Кумар /65 сая ам.доллар/, Жеки Чан /58 сая ам.доллар/, Брэдли Купер /57 сая ам.доллар/, инээдмийн жүжигчин Адам Сэндлер /57 сая ам.доллар/, Крис Эванс /43.5 сая ам.доллар/ нар бичигдсэн байна. Жагсаалтын эхний арвын сүүлийг Полу Радду /41 сая ам.доллар/, Уилл Смит /35 сая ам.доллар/ нар мушгижээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг