ЛОНДОН. /BBC/. Эрдэмтэд бараг өдөр бүр амьтан, ургамлын шинэ төрөл зүйлийг олж нээдэг бөгөөд ихэнхдээ урьд өмнө мэдэгдэж байгаагүй шавж олж илрүүлдэг байна. Шавж нь хамгийн олон төрөл зүйлтэй биологийн төрөл юм. Гэхдээ эрдэмтэд шинэ загас, шувууд, хэвлээр явагч тэр ч байтугай дэлхийн хамгийн алслагдсан, судлагдаагүй газруудаас хөхтөн амьтдыг олж илрүүлсээр байгаа билээ.

Ийм нээлтүүдийг судалгаа шинжилгээний ажлын үеэр төдийгүй музейн цуглуулга, эртний олдворуудыг судлах явцад, заримдаа генетикийн туршилтын үр дүнд хийсэн байдаг. Амьд организм болох амьтан, ургамал мөөгийн нийтдээ 2 сая орчим төрөл зүйлийг нээсэн боловч эрдэмтдийн тооцоолсноор үүнээс илүү олон буюу 6 сая орчим төрөл зүйлийг хараахан нээж чадаагүй байгаа юм. Ингээд 2019 онд шинээр олж нээсэн хачирхалтай сонин амьтдыг танилцуулъя.


1. Халаасны махчин загас


Ердөө 14 см урттай энэ жижиг загас бол сперм халимтай бага зэрэгт төстэй боловч үнэндээ халаасны акул гэж нэрлэдэг ажээ. Түүнийг Мексикийн булангаас бүр 2010 онд барьсан боловч есөн жилийн дараа л шинэ төрөл зүйл болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Халаасны гэж нэрлэсэн нь хэмжээтэй нь огтхон ч хамаагүй бөгөөд харин цээжний сэрвээнийхээ ойролцоо биеийнхээ хоёр талд  хонхорхойтой /халаас/ учир ингэж нэрлэжээ.


2. Эвэртэй агама гүрвэл


Жуулчдын дунд алдартай Тайландын Пхукет аралд хүн суурьшаагүй газар бараг үгүй боловч уг арлаас амьтны шинэ төрөл үе үе олддог. Саяхан арлын ойгоос агама гүрвэлийн төрөлд хамаардаг өргөстэй, гоёмсог гүрвэл олджээ. Уг гүрвэлийг “Пхукетийн модны эвэрт агама” гэж нэрлэсэн байна.


3. Грета цох


Энэхүү жижиг хэмжээтэй хортон шавжийг /ердөө 1 мм урт/ 1960-аад оны сүүлчээр Кени улсаас авчирсан боловч хагас зуу гаруй жилийн турш Лондоны Байгалийн түүхийн музейд судлагдаагүй хадгалагдсаар иржээ. Харин музейн ажилтан Майкл Дарви уг шавж урьд өмнө мэдэгдээгүй төрөл зүйлд хамаардаг болохыг дөнгөж өнгөрсөн жил тогтоожээ. Тэрбээр цохыг Шведийн байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Грета Тунбергийн нэрээр “Nelloptodes gretae” гэж нэрлэхээр шийдсэн байна.


4. Ктулху загас


Эрдэмтэд Амазон мөрнөөс зохиолч Роберт Лавкрафтын бүтээлд гардаг далайн мангас Ктулхутай төстэй, цулбуурт загасны зургаан шинэ төрлийг нэгэн зэрэг илрүүлжээ.  Биологичдын ярьснаар, зөвхөн эр нь толгой дээрээ тэмтрүүлүүдтэй бөгөөд эдгээр нь эмэгчнээ татах үүрэг гүйцэтгэдгээс гадна биеэ хамгаалах зориулалттай аж.


5. Чулуугаар хооллогч өт


Энэ хачирхалтай нялцгай биет нь мод иддэг тэр дундаа хөлөг онгоцны модонд гүнзгий нүх “өрөмдөн” хооллодог учраас хөлөг онгоцны гэж нэрлэсэн өтний төрөлд хамаардаг байна. Гэхдээ саяхан нээсэн энэ төрөл нь Филиппиний цэнгэг усанд амьдардаг бөгөөд чулуугаар хооллодог бололтой. Чухам яаж хооллодгийг эрдэмтэд хараахан тогтоогоогүй байгаа аж. Түүний хоол боловсруулах эрхтэнд амьдардаг бактери нь шохойн чулууг задалж шим тэжээлийг гаргаж авах чадвартай байж магадгүй гэж таамаглаж байна. Нутгийн иргэд энэ нялцгай биетийг залуу эхчүүдэд өгдөг бөгөөд хөхөнд сүү оруулдаг гэж үздэг ажээ.


 6. Цэцгээр хооллогч шилт шувуу


Энэ бяцхан шувуу Индонез, Малайз болон Бруней гэсэн гурван улс оршдог дэлхийн цорын ганц арал болох Борнео дээр амьдардаг байна. Цэцгээр хооллогч шувууны шинэ төрөл зүйл нь ихэвчлэн цагаан борзоор хооллодог бөгөөд нүдэн доороо цагаан толботой учраас “шилт” гэж нэрлэжээ.


7. Солонгон толгойт


Энэ нь гэрэл зургийн гажиг биш юм. Энэ могойн толгой үнэхээр солонгон толботой ажээ. Уг могойг Лаосын хойд нутгийн хаднаас олсон бөгөөд эхлээд солонгон толгойт зөвхөн энэ газарт амьдардаг гэж үзэж байсан боловч өөр нэгэн газраас олдсон байна.


8. Үсэрхэг сарьсан багваахай


Толгой, мөр нь өтгөн урт ноосоор бүрхэгдсэн сарьсан багваахайн шинэ төрлийг Вьетнамын төвд орших тэгш өндөр газраас олжээ. Өмнө нь дурдсанчлан, биологичид шинжлэх ухаанд урьд өмнө нь мэдэгдээгүй хөхтөн амьтадтай ховорхон таардаг боловч сарьсан багваахайн хувьд олон тохиолддог ажээ. Сарьсан багваахай нь маш олон янз бөгөөд 1300 гаруй төрөл зүйл байдаг байна.


9. Мууран нүдэт кардинал загас


Кардинал (апогон) гэгддэг гэрэлтдэг загасны гэр бүлд энэ жил бас нэгэн шинэ төрөл зүйл нэмэгджээ. Нүдний цөцгий дундуур нь явсан өргөн хар зураас нь энэ загасны нүдийг муурийн нүдтэй адилхан харагдуулдаг байна.




Эх сурвалж: Монцамэ агентлаг