Эх дэлхийн цаг хөдөлгөөнийг дэмжиж 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2,2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байжээ. 

2008 оноос энэхүү уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд нэг тэрбум, харин 2010 онд 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. Энэхүү ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын буюу нийслэлийн мэр болон бусад алдартай хүмүүс оролцож ач холбогдлыг улам өндөрсгөж байна.

Манай улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд энэ жил Улаанбаатар хотоос гадна Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болжээ.

Энэ жилийн хувьд өнөөдөр 20:30-21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтраах юм. Мөн урлагийн тоглолт, хуванцрын хор хөнөөлийн талаар мэдээ мэдээлэл өгөх үйл ажиллагаа явагдана. 

Иргэн та энэхүү арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болох юм.