Балар эртний үеэс эхлэн одоог хүртэл тархи гэдэг эрхтэн хүн төрөлхтний гайхшралыг төрүүлсээр байна. Зарим эмч, эрдэмтэн судлаачид тархины хөгжил, үйл ажиллагаа, тархи хэрхэн, яаж бидний зүүд нойр, ой санамж, дурсамж мөрөөдлийг удирддаг талаар судлахад бүх амьдралаа зориулсан байдаг. 

Шинжлэх ухааны хөгжил маш хурдацтай явагдаж байгаа ч уураг тархитай холбоотой тайлагдаагүй оньсогууд байсаар л байна. Тархины талаар бидний мэдэж байгаа зүйлс өчүүхэн бага боловч зарим нэг сонирхолтой тоо баримтыг дэлгэе. 

Тархи дунджаар хүний биеийн жингийн 2%-г эзэлдэг ба нийт хүчилтөрөгчийн 20%-г ашигладаг. Хүчилтөрөгч 5-10 минутын турш дутагдахад тархи эргэн сэргэхгүйгээр гэмтдэг. 

Тархины 73%-г ус эзэлдэг. Тархины хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй. Бие дахь усны хэмжээ 2% буурахад л хүний ой санамж, анхаарал мууддаг. 

Тархи дунджаар 1.4 кг жинтэй. Тархи нь том, хүнд байх тусам тэр хүний IQ өндөр байдаг гэж өмнө нь үздэг байжээ. Харин сүүлд хийгдсэн туршилтаар түүхэн дэх хамгийн хүнд буюу 2.850 кг тархитай хүн гоц ухаантан бус мэдрэлийн өвчтэй нэгэн байсан гэнэ. Харьцуулж үзэхэд Альберт Эйнштейний тархи 1.23 кг жинтэй байжээ. 

Тархины 60% нь өөх тос. Хүний бие махбод дахь нийт холестерины 25% нь тархинд агуулагддаг ба холестерингүйгээр тархины эсүүд үхдэг. 

Хүний тархи ойролцоогоор 86 тэрбум нейроноос бүрддэг. Тархины эсүүд өөр хоорондоо ялгаатай. Тархин доторх 10 000 төрлийн өвөрмөц нейронууд янз янзын хурдаар мэдээллийг дамжуулж байдаг. Секундэд ойролцоогоор 100 000 химийн урвал тархинд явагддаг. Хүний толгойд өдөрт 50 000 бодол орж ирэх ба тэдний 70% нь сөрөг бодлууд. 

Төрсний дараа хүүхдийн тархи маш хурдтай хөгжиж 1 нас хүрэхэд насанд хүрсэн хүний тархины 60%-тай тэнцүү болсон байдаг. Тархины хөгжил 25 нас хүртэл явагддаг гэнэ.

Орчин үеийн амьдралын хэв маяг хүний тархийг муу тал руу өөрчилж байна. Сүүлийн жилүүдэд хүний тархины жин багасаж, өмнөх арван жилийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад IQ 1.6 оноогоор доошилжээ. 2000 онд хүний анхаарал төвлөрөл дунджаар 12 секунд байсан бол одоо 8 секунд болж богиносжээ. Харьцуулж үзэхэд алтан загаснуудын анхаарал төвлөрөх хугацаа 9 секунд байдаг гэнэ. Хүн өлсөхөд тархины эсүүд энерги авахын тулд өөрсдийгөө идэж эхэлдэг тул хоолны дэглэм барихын өмнө энэ тухай санаарай. 

Тархины эзлэхүүн хязгааргүй. Хүн тархиныхаа 10%-г ашигладаг гэдэг худлаа. Унтаж байх үед хүртэл тархины ихэнх хэсэг ажиллаж, өдөр нь олж авсан мэдээллээ шөнө боловсруулж байдаг. Оюун ухааны хөгжил өндөр хүмүүс сэтгэцийн өвчнөөр өвдөх, зөнөгрөх магадлал тун бага. 

Хүний тархинд өвдөлт мэдрэх мэдрэлийн цэгүүд байдаггүй тул эмч нар тархины мэс заслын үеэр мэдээгүйжүүлэгч хэрэглэдэггүй.