peak.mn
01 сарын 24, 2019
Венесуэлийн Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлаж, тангараг өргөжээ.
Каракас хотод жагсаал цуглаанд оролцож буй олон мянган хүний өмнө Гуайдо үг хэлэхдээ “Эрх баригчдын хүчээр хяналтаа тогтоох явдлыг дуусгавар болгож, шилжилтийн Засгийн газрыг эмхлэн байгуулах, шударга сонгууль явуулахын тулд Ерөнхийлөгчийн үүргийг авч байна” гэжээ.
Гуайдог Венесуэлийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
“Венесуэлийн ард түмэн Мадуро хийгээд түүний дэглэмийн эсрэг зоригтой зогсож, эрх чөлөө, хууль тогтоомжийг шаардсан” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.
Мадурог Венесуэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон явдлыг Д.Трамп хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд тус улсын парламентыг Венэсуэлийн ард түмний сонгосон цор ганц хууль ёсны байгууллага гэж үздэг юм.
Өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласан Хуан Гуайдог Америкийн улсуудын байгууллага мөн хүлээн зөвшөөрчээ.
Хуан Гуайдо гэж хэн бэ?
Өдгөө 35 настай Хуан Гуайдо нь Үндэсний ассамблейг тэргүүлэх хүртлээ Венесуэлийн улс төрд тийм ч танигдахаар нэгэн байгаагүй аж. Үндэсний ассамблей нь сөрөг хүчний хяналтанд байдаг Венесуэлийн парламент юм.
Мадуро улиран сонгогдсон нь хууль бус. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг гартаа авах эрх надад бий.
Гуайдо парламентад байх хугацаандаа Мадурогийн засаг захиргаатай холбоотой хэд хэдэн авлигын хэргийг мөрдөн шалгах санааг гаргажээ. Парламентын дарга болсон Гуайдо удалгүй Мадурогийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдлыг хууль ёсны дагуу байсан эсэх асуудлыг хөндөж дараагийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг гартаа авах эрх бий гэдгийг мэдэгдсэн байна.
Гуайдо нь инженер мэргэжилтэй бөгөөд оюутан ахуй цагтаа улс төрийн идэвхтэн байжээ. Тэрбээр Уго Чавесийн социалист Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг тэргүүлдэг нэгэн байсан юм.
Мадуро ямар хариу үйлдэл үзүүлэв?
“Гарцгаа! Венесуэлийг орхи. Энд хүмүүст нэр төр гэж бий” хэмээн Мадуро Америкийн дипломат төлөөлөгчдөд хандан хэлсэн үгийг “Ройтерс” агентлаг уламжилжээ. Америкийн дипломатчид Венесуэлийг 72 цагийн дотор орхин явах ёстой гэнэ.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгчийн албан тушаалдаа албан ёсоор орсон Мадуро Д.Трампын бодлогыг хэт туйлширсан хэмээн нэрлэж, улс оронд төрийн эргэлт хийхийг завдаж байна гэж үзжээ. Өөрийнх нь талыг баримтлагчдын өмнө үг хэлэхдээ тэрбээр цэргийнхнээс үнэнч, шударга байдлыг шаардсан байна.
Д.Трампын бодлого хэт туйлширсан бөгөөд тэрбээр Венесуэлд төрийн эргэлт хийхийг завдаж байна.
Н.Мадуро өнгөрсөн оны 5 дугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдсон бөгөөд энэ оны нэгдүгээр сард тангараг өргөсөн юм. Мадурогийн ялсан сонгуулийг үл ойшоохыг сөрөг хүчнийхэн уриалж Европын Холбооны хэд хэдэн улс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.
Өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласан Гуайдог мөн Колумб, Бразил, Перугийн эрх баригчид хүлээн зөвшөөрөөд байгаа бол Мексик улс үл зөвшөөрч, Ерөнхийлөгчийг хууль ёсны механизмын дагуу сонгохыг венесуэльчүүдэд уриалсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг Э.Аянзаяа, BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.