Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилго бүхий “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” сэдэвт сургалтыг зохион байгуулж, дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эхний ээлжинд иргэд, айл өрхтэй хамгийн ойр ажилладаг хүмүүст сургалт мэдээллийг хүргэж буй бөгөөд тэднээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлийн мэдээлэл өглөө. Энэхүү сургалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд хэлэхдээ:

-Нийслэлийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс эхэлсэн төдийгүй сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг. Борлуулалтын тухайд "Таван толгой түлш" ХХК-тай хамтран зохион байгуулж байна. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Түлш хадгалсан агуулахаас борлуулалтын цэгүүд рүү түлш хүргэх тээвэрлэлтийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулаад байгаа юм. Хэдийгээр гадаа агаарын температур нэмэх хэмтэй, цаг агаар дулаан байгаа ч нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-буюу өчигдрөөс түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.  Эхний ээлжинд 450 цэг нээсэн. Аравдугаар сарын 1 гэхэд нэмж 200 цэг ажиллуулах бөгөөд энэ жилийн хувьд 650 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулна.