МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал гарсан шумбагч онгоцны дөрвөн цэрэгт Оросын Баатар цолыг нэхэн олгожээ. Холбогдох зарлигийг Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн байна.


Энэ хүмүүс бол нэгдүгээр зэргийн ахмад Андрей Воскресенский, Денис Опарин болон Константин Сомов, мөн хоёрдугаар зэргийн ахмад Дмитрий Соловьев нар юм. Амиа алдсан үлдсэн 10 далайчныг Эр зоригйн одонгоор нэхэн шагнажээ. Тэдний хоёр нь Оросын Баатар цолтой байсан байна. Үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан далайчдыг долдугаар сарын 4-ний пүрэв гарагт сүүлчийн замд нь үджээ.


ОХУ болон Норвегийн хооронд орших Баренцын тэнгисийн ёроолд судалгаа хийж явсан Оросын гүний усны судалгааны шумбагч аппаратад гал гарсны улмаас 14 далайчин амиа алдсан харамсалтай осол долдугаар сарын 1-нд болсон билээ.


Улсын нууцад хамаарч байгаа учраас ослын талаарх мэдээллийг дэлгэхгүй байгаа юм. Одоогоор далайчид судалгаа хийж явсан гэхээс өөр мэдээлэл байхгүй байна.


ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, гал шумбагч онгоцны аккумуляторын хэсэгт гарчээ. Шумбагч онгоцны цэргүүд амь биеэ үл хайрлан эцсээ хүртэл тэмцсэний эцэст түймрийг унтрааж чадсан байна. Тэд мөн цөмийн эрчим хүчний төхөөрөмжийг галд өртөхөөс хамгаалж чадсан бөгөөд уг төхөөрөмжийг удахгүй дахин ашиглаж эхлэх аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг