Улсын онцгой комисс өчигдөр цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан байна. Улмаар  5 дугаар сарын 10-наас 21 аймагт дархлаажуулалтыг эрчимжүүлж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг нэгдүгээр тунд хамруулахаар болов. 

Нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж буй. 5 дугаар сарын 08-н гэхэд нийслэлийн иргэдийг 100 хувь нэгдүгээр тунд, 50-иас дээш хувийг хоёрдугаар тунд хамруулахаар төлөвлөсөн.

Харин хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулахаар болжээ.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон болон халдвар аваад эдгэрсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 05 дугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ. Өмнө нь Засгийн газар 5 дугаар сарын 01-нд нээх чиглэл өгч, 5 дугаар сард хэвийн горимоор үйлдэх олон улсын нислэгүүдийн хуваарийг батлаад буй.