Чингис хааны өлгий нутагт, Монгол Улсын өргөн уудам талд нэгэн хүчирхэг эр мэндэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бол одоог хүртэл бэлтгэлээ тогтмол хийдэг бөгөөд жудо бөхийн аварга, Владимир Путины найз, хүчирхэг эр хүний имижийг бүрдүүлсэн бизнесийн магнат хүн. 

Тэрээр мөн үндсэрхэг үзэлтэн, зарим талаараа популист. Өнгөрсөн жил Х.Баттулга өөрийгөө авилга хээл хахуультай тэмцэгч, ард түмний баатар мэтээр гарган ирсэн. "Монгол ялна" гэсэн уриан дор сурталчилгаагаа явуулж, Дональд Трампын адилаар өөрийгөө ялагдашгүй хэмээн зарласан. Гэхдээ одоо тэрээр амьдралынхаа сорилтуудтай нүүр тулаад байна. 

Монголчууд 1990 онд ардчилсан хувьсгал хийж авторитари коммунист тогтолцоог халсан. Ардчилалд шилжсэнээс хойш гучин жилийн хугацаанд ахиц дэвшил их гарсан ч үүний хажуугаар тэгш бус байдал дэлгэрч нийт хүн амын 30 хувь ядууралд өртжээ. Зэс, нүүрс, алтны асар их нөөцтэй энэ улсын хөгжилд тээг болж буй том хар чулуу нь авилга юм. 

“Би сонгуулийн өмнө асууж байсан асуултаа одоо ч асуусаар байна. Байгалийн баялаг нөөцтэй улсын ард түмэн яагаад ийм ядуу амьдарч байна вэ?” хэмээн Баттулга Ерөнхийлөгч Арвайхээр хотын хурлын танхимд болсон уулзалтын үеэр хэлэв. 

55 настай Х.Баттулга ядуу гэр бүлд төрж өссөн ч улс орныхоо хамгийн дээд албан тушаалд томилогдож, самбо тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шууд бизнесийн салбар луу үсэрч тэндээ амжилт олсон. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд түүний эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. Учир нь УИХ-ын гишүүдийн болон Ерөнхий сайдын албан тушаалыг эсрэг намынхан эзэлсэн байгаа. Баттулга улсын гадаад бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч түүний амбиц, хэтийн зорилго нь илүү өргөн юм. 

Description: https://www.washingtonpost.com/resizer/oGA0QEorNiJakxye8u5BBI7huqs=/1484x0/arc-anglerfish-washpost-prod-washpost.s3.amazonaws.com/public/LWHNZHDJUYI6RIZVYRID2BA6V4.jpg

Тэрээр улс орныхоо удирдлагын тогтолцоог сайжруулах тэмцэлдээ дэмжлэг хүсэн сүүлийн гурван сарын хугацаанд Монгол улсыг тойрон аялж, 21 аймаг бүрт очиж ард иргэдтэйгээ уулзаж байна. Баттулга “Та бүхний сонгосон Ерөнхийлөгч бусдаас хараат бус хүн мөн үү?” хэмээн цугласан хүмүүсээс асуусан юм. “Ерөнхийлөгч болон ард түмэн хамтдаа ажиллах цаг нь болсон”. “Сант Марал” бие даасан судалгааны байгууллагын захирал Л.Сумати сүүлд болж өнгөрсөн АНУ болон Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ижил төстэй талуудыг цохон тэмдэглэжээ. 

Монголын түүхэн дахь хамгийн бохир явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон хүн эсэргүүцлээ илэрхийлэн санал өгөхөөс татгалзаж, эсвэл хоосон хуудас өгч байсан тухай Баттулга ярив. Эцэст нь түүний тухайн үеийн нөхцөл байдлыг шүүмжилсэн, эсрэг байр суурь нь давамгайлж бизнесийн түүх, авилгын хэргийн талаарх асуудлууд мартагдсан юм. 

“Ядуу амьдралтай ард түмэн түүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон. Тэд нэгэнт сонголтоо хийсэн тул өнгөрсөнд болсон бүхнийг уучилсан” хэмээн Л.Сумати хэлэв. “Эсрэг байр суурьтай улс төрчид дэлхий дахиныг эзэлсээр байна. Монголд ч мөн адил энэ чиг хандлага ажиглагдаж байна“. Монгол бол нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дээгүүр жагсдаг улс. Техас, Калифорниа, Монтана мужуудын нутаг дэвсгэрийг нийлүүлсэн хэмжээний том газар нутагтай ч 3-хан сая хүн амтай. Хойд хэсгээрээ ОХУ, урд хэсгээрээ БНХАУ улсуудын сүүдэрт дарагдан оршдог.  Хойд хөрштэйгөө илүү дотно харилцаатай ч эдийн засгийн хувьд урд хөршөөсөө хамааралтай - улсын экспортын 80 хувь нь БНХАУ-руу гардаг. 

Энэ улсад Хятад гэсэн болгонд үл итгэх байдал нийтлэг ажиглагддаг тул сонгуулийн сурталчилгааны үеэр Баттулга үүнийг ашиглаж өөрийгөө Москваг дэмжсэн, Бээжингийн эсрэг байр суурьтайгаар илэрхийлж байсан. Харин Ерөнхийлөгчийн хувьд тэрээр одоо илүү прагматик хандлага баримталж, Монгол улс хоёр хөрштэйгөө хоёулантай нь найрсаг харилцаатай байх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байна. Мөн үүний хажуугаар гадаад худалдааны хувьд Хятад улсын давамгай байдлыг бууруулж хоёр хөрштэйгөө тэнцвэрт харилцаанд орох ёстой гэсэн бодолтой байгаа аж. 

Монголын Жудогийн холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан хүний хувьд тэрээр В.Путинтэй ижил сонирхолтой, нөхөрсөг харилцаатай байдаг.

Description: https://www.washingtonpost.com/resizer/usu2EqucXYWKDIPFtWcfXF37MvA=/1484x0/arc-anglerfish-washpost-prod-washpost.s3.amazonaws.com/public/MHZA3LTJUYI6RIZVYRID2BA6V4.jpg

Description: https://www.washingtonpost.com/resizer/9dC5MGI63djLy67wRDJ0qOeCVfI=/742x0/arc-anglerfish-washpost-prod-washpost.s3.amazonaws.com/public/MRY4KODJUYI6RIZVYRID2BA6V4.jpg

Description: https://www.washingtonpost.com/resizer/mQZt0DeZ_2eFjGnt34PAxF11_5g=/742x0/arc-anglerfish-washpost-prod-washpost.s3.amazonaws.com/public/MLK5OADJUYI6RIZVYRID2BA6V4.jpg

“Бид хоёул жудогоор хичээллэж байсан тул харилцахад амар байдаг” хэмээн Баттулга ярилцлагадаа дурьджээ. Мөн Ерөнхийлөгч Путиныг “мянгаад жилийн турш хөрш маань байсан улсын Ерөнхийлөгч” хэмээн цохон тэмдэглэжээ. Гэхдээ Баттулга Америкийн дэмжлэгийг бас хүсэж байна. 1990 онд тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс А. Бэйкер III саяхан ардчилалаа зарлан тунхагласан Монгол Улсын “гуравдагч хөрш” нь АНУ байх болно хэмээн амласан. Энэхүү амлалтыг хожим Ерөнхийлөгч Жорж В. Буш 2005 онд хийсэн албан айлчлалынхаа үеэр давтан хэлсэн байдаг. Хамгийн сүүлд Төрийн нарийн бичгийн дарга Жон Ф.Керри Монгол Улсыг Орос болон Хятадын дунд орших “aрдчиллын баянбүрд” хэмээн нэрийдсэн. 

АНУ болон Монголын батлан хамгаалах салбарын харилцаа эдийн засгийн харилцаанаас хамаагүй илүү хүчирхэг. Монголын гадаад худалдааны зөвхөн 2 хувийг АНУ эзэлдэг. “Монголыг ‘ардчиллын баянбүрд’, ‘ардчиллын үлгэр дуурайлал’ гэсэн АНУ-ын магтаал манай улсын эдийн засагт ямар нэгэн хувь нэмэр оруулаагүй” хэмээн Ерөнхийлөгч Баттулга 12 сард Трампд бичсэн захидалдаа дурьджээ. “Үүнд сэтгэл гонсойсон монгол иргэд маань ардчилалд итгэл алдарч, ардчиллын замыг сонгосондоо эргэлзэж байна.”

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдсэнээр Х.Баттулга Ерөнхийлөгч Монголын нэхмэл эдлэлийг АНУ руу экспортлоход дэмжлэг үзүүлэхийг хүссэний хариуд Трамп – хоёр улсын хоорондын худалдааг “шударга, тэнцвэртэй байдлаар” хөгжүүлэх арга замыг хайх болно хэмээн хэлжээ. 

Х.Баттулга бизнесийн гараагаа тун даруухнаар эхлүүлсэн. Урлагийн сургуулиа дүүргэсний дараа тэрээр зурсан зурагнуудаа Улаанбаатар хотоор аялж буй жуулчдад худалдаж байсан бол дараагаар нь жинс оёж зарах болж мөн гадаадаас электрон бараа оруулж ирдэг байжээ. Х.Баттулга самбо бөхийн тэмцээнээс хожсон мөнгө болон гадны хүмүүстэй тогтоосон харилцаа холбоогоо ашиглаж бизнест анх хөл тавьсан аж. 

Үүний дараа такси бааз, телевизийн суваг, шөнийн цэнгээний газрууд байгуулж, үндэсний хонжворт сугалаа явуулдаг болж бизнесээ өргөжүүлжээ. Өмч хувьчиллын үеэр Х.Баттулга зочид буудал болон мах боловсруулах үйлдвэрийг өөрийн болгосон. 

Түүний найз Д.Төрмөнхийн хэлснээр Х.Баттулга хууль бусаар спирт оруулж ирсэн хэрэгт гүтгэгдэж зургаан сарын хугацаанд гадаад оронд амьдарсан байна. Зам, тээврийн сайд байхдаа авилга авсан хэргээр сэжиглэгдэж байсан боловч ямар нэгэн ял шийтгэл хүлээгээгүй. 

Арав гаруй жилийн өмнө нийслэл хотоос зайдуу орших аялал жуулчлалын цогцолборт аварга том Чингисийн морьт хөшөөг босгож өөрийн үндсэрхэг үзлээ тодотгосон. Уул уурхайн салбараас олох орлогоор энгийн иргэдийнхээ өр зээлийг төлж барагдуулна гэсэн амлалтыг өгч популист үзлээ харуулсан. 

Description: https://www.washingtonpost.com/resizer/Ymry8gzz4fk5J8CQuhjsH9UvZNE=/1484x0/arc-anglerfish-washpost-prod-washpost.s3.amazonaws.com/public/MVTI2SDJUYI6RIZVYRID2BA6V4.jpg

Өнөөдөр Баттулга Монголын хамгийн алдартай улс төрч гэдгийг саяхан "Сант Марал" байгууллагын явуулсан судалгааны дүн харуулж байна. Гэсэн ч ард иргэдийн дунд асуултууд байсаар байна. Бизнесийн магнат Ерөнхийлөгч Х.Баттулга асуудлын үндэс үү? Асуудлын шийдэл нь үү? Ерөнхийлөгчийн хувьд тэрээр намаас хараат бус байж, үндэстэнээ нэгтгэх ёстой хүн. Гэхдээ аймаг бүрт хийж буй түүний энэ уулзалтууд асуудал дэвшүүлж, шийдлийг олох гэсэн оролдого уу? аль эсвэл хувийн эрх ашиг хайсан, 2020 оны сонгуулийн өмнө хийж буй сурталчилгааны ажил уу? Тэр үнэхээр ард түмний хүн үү? эсвэл зүгээр л нэг бяртай эр үү? 

Уулзалтын үеэр иргэдээс ирэх гомдол олон байв. Тэр дундаас Панамын баримт бичигт дурьдагдсан улс төрчдийн оффшор дансыг эргүүлэн татах, эрүүл мэндийн салбарын ажилчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зэрэг хүсэлтүүд олон байв. Иргэдийн зарим нь Монголд олшроод буй Хятад ажилчдыг нутаг буцаахыг шаардаж байсан бол нөгөө хэсэг нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх санал гаргаж байсан юм. Ерөнхийлөгч Арвайхээр хотод болсон уулзалтын үеэр иргэдээ нэг цагийн турш тэвчээртэй сонссоны дараа 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдыг Монгол Ардын Намд давамгай байр суурь эзлэх боломж олгосонд буруушаасан юм. 

“Нэг нам 76 суудлаас 65-ыг нь авчихсан. Тэд бүх суудлыг эзэлсэн ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу ч хийгээгүй” хэмээн хэлэв. Гэхдээ нэг хүн түүнийг өрсөлдөгчдөөсөө ялгаагүй хэмээн буруутгав: 

“Та хулгайч, луйварчдыг сонгосон хэмээн иргэдийгээ буруутгаж байна. Та бидний амьдралыг хар даа, бидний үр хүүхдүүд ямар нөхцөлд амьдарч байгааг хар. Хятадууд Монголыг эзэлчихсэн байна. Улс орон маань гамшгийн ирмэгт тулчихаад байна. Би таны төлөө санал өгсөн. Би таныг сонгосон. Гэхдээ Монгол Улс энэ хоёр намаас хоёулангаас нь салсан цагт л ялна”.



Эх сурвалж:  Washington post