КАРАКАС. /TASS/. Өнгөрсөн 3 дугаар сард Венесуэлд цахилгаантай холбоотой асуудлууд гарч эхэлсэн нь баруун Сулия мужид 800 гаруй дэлгүүрийг хаахад хүргэсэн байна. Энэ тухай Худалдаа, аж үйлдвэрийн танхимын орон нутгийн хэлтсийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Хорхе Нуньес Леон мэдэгджээ.  

“Цахилгаан тасарснаас хойш 800 гаруй дэлгүүр хаагдаж, худалдааны салбарт ноцтой хохирол учирсан. Түүнчлэн Сулия мужийн оршин суугчдад түлш хүрэлцэхгүй байна. Бид ямар ч хамгаалалтгүй байгаа” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Өнгөрсөн 3 дугаар сард Венесуэлд улс даяар цахилгаан тасарч, Каракас болон дийлэнх мужууд цахилгаангүй болсон юм. Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсны улмаас ийм явдал тохиосон хэмээн Засгийн газар мэдэгдэж байсан юм. Бүс нутгуудад хулгай дээрмийн хэрэг ихээр гарч, Сулия мужид гэхэд л гэмт этгээдүүдийн үйлдсэн хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ 50 сая ам.доллар давсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг