УИХ-ын 38 гишүүн өнөө өглөө УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, өөрт нь албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан, Д.Оюунхорол нар Засгийн газрын талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж буйгаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "УИХ-ын нэр бүхий 4 гишүүн УИХ-ын гишүүнийхээ хувьд биш Монгол Улсын иргэний хувьд Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа. Яагаад гомдол гаргасан бэ гэхээр Монгол Улсын хууль тогтоох болох УИХ-ын үйл ажиллагаа доголдож эхэлж байна. Тасралтгүй явах хуультай. Гэтэл Засгийн газар хууль дээдлэх зарчмаасаа ухарч, зөрчиж байна гэж бид үзсэн. Мөн Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх үүргийг УИХ-ын өмнө хариуцдаг зэрэг Үндсэн хуулийн заалт болон УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн.

Тиймээс Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн эдгээр зүйлийг тогтоож өгнө үү гэж Цэцэд гомдол гаргаж байна. Хэрэв Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар огцорно" гэдгийг хэллээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.