"Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулагдаж буй 31 дэх удаагийн номын баяр хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжлэв.

Энэ үеэр зохиолчид асарт тухалж, уншигчидтайгаа уулзаж яриа хөөрөө өрнүүлж, гарын үсэгтэй номоо худалдаалж байлаа.

Номын баярын үеэр зарим зохиолчдыг онцлон ном бүтээлийнх нь хэсгээс уншиж сонирхуулсныг уншигч эрхэм танд хүргэж байна.

Төрийн соёрхолт, урлаг соёл судлаач Ц.Санчир: 

12 жилийн бүтээлээ БАРИНТАГЛАН Монголын төлөөх зүрх бүхэнд зориуллаа

Номын баярын өдрийг тохиолдуулан танай сайтын уншигчдад зориулж “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлийн тэргүүн боть "Монголын эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт" бүтээлээс багахан хэсгийг уншиж өгье. 

Эндээс 13 дугаар зууны сурвалж бичигт Плано Карпини хэрхэн бичсэнийг уншъя.

"...Бид бүгд тэндээс хамт хөдлөөд 3-4 левикийн газарт хүрэхэд уул ус жигдэрсэн үзэсгэлэнт сайхан талд уулын горхины дэргэд Алтан орд хэмээн нэрийдсэн өөр нэг сацар барьсан байв. Өнөөх сацрыг алтан хадаасаар заазлаж хадсан алтан багана дээр барьсан бөгөөд дотуур дээвэр хөшиг нь цул хоргой гадуур нь бөсөөр хулджээ." гэж өгүүлжээ. Хот сууриныхаа буйр туурийг ийм уран тансаг бүтээн байгуулж эхэлсэн байна. Үүнээс цааш Монголын эзэнт гүрний үеийн Алтан ордын улсад монголчууд ойролцоогоор 150 хотыг байгуулсан байна.

..."Монголын эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт" гэдэг энэ бүтээлийн хоёр бүлэгт Монголын эзэнт гүрний үеийн Ил хаадын уран барилга, хот байгуулалт. 

"...Ил хаадын хязгаарт эзэнт гүрний өнцөг булан бүрээс нэр хүндтэй эрдэмтэд, физикч, одон орон судлаачид болон гар урчуудыг урьж ерөнхий сайд эрдэмтэн Рашид Ад дин туслуулан Рабэ Рашид дин хэмээх шинжлэх ухааны цогцолбор хот байгуулжээ. Ил хаадын шинжлэх ухааны хот нь их сургууль, 24 буурчийн газар, 1500 дэлгүүр, олон улсаас уригдан ирсэн эрдэмтдийн орон сууц буюу 32 мянган айлын орон сууц, асрамжийн газар, агуулах, тээрэм, халуун усны, эмнэлэг, суваг шуудуу, үйлдвэрлэлийн хотхон, өвөл зуны дуган бусад барилгуудаас бүрдэж байна...."

“Эзэнт гүрний соёрхолт өв”бүтээлийн гуравдугаар боть нь "Монголын эзэнт гүрний урлаг соёл"  номд 13 дугаар зууны сурвалж бичигт Монгол хаадын урлаг соёлын дурсгалуудыг, Монголын хаадын урлаг соёлын дэг сургуулиудыг ийнхүү дүрсэлсэн байдаг.

...Бат хаан алтан чимэглэлтэй, ор мэт том сэнтийд залрах бөгөөд түүнд гурван гишгүүрээр өгсөж хүрнэ. Батын хажууд түүний хатан морилно. Асрын хаалганы дэргэд эрдэнийн чулуун шигтгээтэй том алтан, мөнгөн хул хулаар айраг сөгнөжээ..." Монголын эзэнт гүрний үеийн их хаадын үеэс аяга, сав суулга, шил шаазан, эрдэс, төмөрлөгийн дурсгал дээр монгол хээ чимэг, хийц маяг, дэг сургууль, өнгө бэлгэдэл дүрс чимэглэлийг илэрхийлж ирсэн байна.

Хожим Монголын эзэнт гүрний үеийн Ил хаадын Газан хааны тухай энд мөн бичсэн байна. "

...Газан хаан гарамгай удирдагч төдийгүй Перс, Түрэг, Энэтхэг, Кашмир, Хятад болон бусад үндэстний түүх соёлыг ч судалсан хүн байжээ. Үүгээр зогсохгүй алт, мөнгөний дархан модны мужаан, зураг сийлбэрт ч мастер урчуудаас дутахааргүй авьяастай байв. Тэрээр алхим болоод шинжлэх ухааны бусад салбаруудад ч гаргууд нэвтэрсэн бөгөөд одон орны шинжлэх ухааныг шимтэн сонирхож, таалан соёрхож ивээлдээ авчээ..." 

Энэ бол бидний дээдэс, Монголын эзэнт гүрний үеийн их хаад, Монголын эзэнт гүрний үеийн 4 их улсын удирдагчид алтан ургийн залгамжлагчид шинжлэх ухаан, урлаг соёлыг уран барилга, хот байгуулалтыг ямар түвшинд хаадын ивээлд авч, байсныг илэрхийлсэн ишлэл байна. 

"Тархан суурьшсан монголчууд" ТАСАМ судалгаа, зураг авалтын багийн хувьд сүүлийн 12 жилийн бүтээл, дэлхийн 40 гаруй улсад очсон, Монголын эзэнт гүрний үеийн их хаадын бүтээн байгуулсан, хүрсэн, эрхшээсэн, сэргээн босгосон 1000 гаруй хотод очсон, аялан судлаачдын хувьд 12 жилийн бүтээлээ баринтаглан монгол бичиг, кирилл бичиг, англи хэлээр толилуулж байна. Монголын төлөөх зүрх бүхэнд зориуллаа.


Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Шүүдэрцэцэг: 

амьдрал хувь заяагаа өөрөө шийддэг байгаасай гэсэн үзэл санааг романдаа шингээсэн

Хотол цагаан гүнж бол 13 дугаар зуунд хайртай хүнтэйгээ гэрлэж чадсан бараг цорын ганц эмэгтэй. Түүхэнд тэмдэглэж үлдсэнээр Горлос овгийн энгийн цэрэг эр, сайхан залуу Автакул баатартай хуримласан байдаг. 

Ингээд "Хотол цагаан гүнж" түүхэн романы хэсгээс уншиж сонирхуулъя.

"...Өвөлжөөнд бууж төвхнөсөн хойно. Өвлийн эхэн сарын шинийн 25-ны өдөр.

Хайду хаан Хотолун охиндоо дээд язгуур угсаат алтан ургийн гүнж Өгөөдэй улсад байгуулсан гавьяа тэргүүтнийг харгалзаж үзэн өөрийнхөө дураар, сонгосон хүнтэйгээ ураг барилдах соёрхол хүлээн авч,тамга дарж батлаад их өргөөндөө дууджээ. Ийнхүү тамгатай соёрхол дарж, учир нь өнгөрсөн зун гэнэт хандсан зандалчдын гарт үхэхийн ирмэг дээр очихдоо энэ бие бол мөнх бус юм гэдгийн учрыг биеэр мэдэж аливаа цаад зарлиг шийдийг цаасан дээр дарж, ёсчлон үлдээхийн чухлыг ухаарсных ажгуу..."

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж: 

Нүүдэлчдийн тэр томьёогоор нүдээ нээх болтугай


Манай залуу гэр бүлүүд хүүхдүүдээ хөтөлж ирээд ном худалдан авдаг болжээ. Залуус ч нэлээд ном уншдаг болсон нь анзаарагдлаа. Үзэг цаас нийлүүлдэг бидний хувьд  ирээдүй маань номын буянаар цалгих нь гэж өөдрөг сайхнаар харж сууна. Та бүхэндээ зориулж “Уянгын шүлгүүд” номондоо орсон Томьёо шүлгээ уншиж сонордуулж байна.

Томьёо

Өрнийн томьёо өөр болсон

Өндөр тэнгэрийн томьёо өөр болсон

Бүүвэйн томьёо өөр болсон

Бөмбөрцгийн томьёо өөр болсон

Цасны томьёо өөр болсон

Цаг хугацааны томьёо өөр болсон

Мөнх бусын томьёо өөр болсон

Мөнгөн хэвлийд бүрэлдэхийн томьёо ч өөр болсон

Арга билгийн томьёо өөр болсон

Асгарсан цагаан сарны томьёо өөр болсон

Алганы дээрх мэлмийн томьёо өөр болсон

Аниргүйн томьёо өөр болсон

Гэрэл сүүдрийн томьёо өөр болсон 

Гэрэлт эрхсийн томьёо өөр болсон 

Өвсний томьёо өөр болсон

Өвсөн дээрх шүүдрийн томьёо ч өөр болсон 

Дээр бөмбийгч нарны томьёо өөр болсон 

Дээвэр туурга, бүслүүрийн томьёо ч өөр болсон 

Догшдын өмнөх бүх томьёо өөр болсон

Дорнын томьёо л гагц

Нууцын нууц үлдсэн

Нүдний өмнөх бүх томьёо өөр болсон

Нүүдэлчдийн томьёо л гагц 

Чинадийн чанад үлдсээн…

Галбуудыг тэр томьёогоор сэрээж болно

Гал, усыг тэр томьёогоор урвуулж болно 

Хүн төрөлхтнийг тэр томьёогоор аварч болно

Хөх өвсийг тэр томьёогоор мөнхөлж ч болно

Дөрвөн далайг тэр томьёогоор захирч ч болно

Таван тивийг тэр томьёогоор засч ч болно

Тэнгэрийг тэр томьёогоор туршиж ч болно

Дэлхийг тэр томьёогоор тулж ч болно

Дорнын тэр томьёогоор 

Дотогшоо харах болтугай

Нүүдэлчдийн тэр томьёогоор 

Нүдээ нээх болтугай

Хүн төрөлхтөн…  


Орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс: 

Номын баяр бол үндэстний үзэлтнүүдийн баяр юм


Номын баярт түүх, гүн ухаан, уран зохиол, гадаад хэл, орчуулга гээд янз бүрийн төрөл сэдвээр туурвисан бүтээлүүдээ дэлгэж байна.

Хамгийн сүүлд гаргасан томоохон бүтээлийн нэг нь “Монгол заяатан” ном. “Монгол заяатан” номдоо монгол хүний код, монгол хүний зан араншин, сэтгэхүйн кодын тухай өгүүлэхийг зорьсон. Энэ бол онолын ном биш. Уран зохиол, болсон явдал, аман зохиол, шог яриа маш олон төрөл зүйлээр аль болох уншигчаа уйдаахгүйг хичээж бичсэн. Ер нь номын баяр бол мэдлэг түгээдэг, ухаарал түгээдэг, сэтгэлийн боловсрол түгээдэг баяр юм. Монгол орон, улсад харь улс үндэстнээс ялгарах онцлог үндэстний сэтгэхүйг сэтгэлдээ тээсэн, өөрийн гэсэн өнгө төрхийг бусдадаа харуулж үзүүлдэг уран бүтээлчид голдуу оролцдог. Тийм учраас үндэстний үзэлтнүүдийн баяр гэж хэлж болно.