Дархлаа сайжруулах болон вирусын эсрэг үйлдэлтэй Виферон лааг бага насны хүүхдүүдийн Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан гэх мэдээлэлд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тайлбар хийсэн билээ. Тэрбээр “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэсэн юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус эмийг импортлогч ЭНТО ХХК дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд "Вирусын эсрэг үйлдэлтэй Виферон лаа нь эрдэмтдийн 50 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн. ОХУ-ын нэр хүндтэй шагналыг 2 удаа хүртсэн. Гэтэл бүтээгдэхүүний талаар төрийн захиргааны төв байгууллага, тэр дундаа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл өөрийн хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж, буруу ташаа мэргэжлийн бус мэдэгдэл хийсэнд харамч байна. Уг мэдээллийг нийгмийн сүлжээгээр тараан давтан үзүүлж байгаа нь зохион байгуулттай хэрэг" гэжээ.