Зүүн хойд эргийн Мияги болон Фукушима мужид өчигдөр шөнө хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами үүсч, Токио хотын зарим дүүрэгт цахилгаан тасарсан байна. Газар хөдлөлтийн төв нь Фукушимагийн эргээс холгүй далайн 57 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтөөс болж одоогоор 4 хүн нас бараад байна. Мөн 107 хүн бэртэж гэмтжээ.


2011 онд уг мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцад цөмийн томоохон осол гарч байсан юм. Тэгвэл энэ удаагийн газар хөдлөлт дээрх станцаас 12 км-ын зайтай байдаг Фукушима Дайни цөмийн цахилгаан станцын аюулгүй байдалд ноцтой нөлөөлж, нэгдүгээр болон гуравдугаар реактор дахь цөмийн түлшийг хөргөх системийг бүрэн унтраасан байна.

Газар хөдлөлтөөс болж Токиогоос Сендай хүрэх өндөр хурдны галт тэрэг осолдож, замаасаа гарсан байна. Зорчиж байсан 78 хүн бэртэж гэмтээгүй. Галт тэрэгний хөдөлгөөнөөс гадна хурдны авто замын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Мөн Мияги, Ивате муж дахь Тоёота мотор компанийн автомашины үйлдвэр түр зогсоод байна.

Газар хөдлөлтийг хэмжих төв ойрын өдрүүдэд болон ирэх долоо хоногт дахин газар хөдөлж магадгүй талаар олон нийтэд анхааруулга гаргасан байна.


Эх сурвалж: Nikkei.com