Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хийх хоёр талт уулзалт үргэлжилж байна.

Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ирсэн  Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Өнгөрсөн жил Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн бараалхаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Япон улсад байгалийн гамшиг тохиолдож байгаад эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын иргэд Японы ард түмэнд туслах чин сэтгэл дүүрэн байдгийг дурдсан юм.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа дурдаад, Дорнын эдийн засгийн форумын үеэр дахин уулзаж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт саналууд тавьж ярилцсан юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд  түлхүү хөгжүүлж, Монгол Улсаас Япон улсад хийж байгаа экспортыг нэмэгдүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдал гэх мэт олон сэдвээр нээлттэй санал солилцлоо.