ТОКИО. /TASS/. Японы шинэ Эзэн хаан Нарухитог хааны сэнтийд заларсныг тохиолдуулсан ёслолын арга хэмжээнд бэлтгэхэд Японы Засгийн газар 16 тэрбум иен буюу 147 сая ам.долларыг зарцуулжээ.

Энэ зардлын дийлэнх хэсэгт гадаадын зочдын ёслолд оролцохоор Токиод хүрэлцэн ирэхтэй холбоотой зардлууд багтаж байгаа аж. Энэ дүнг 1990 онд болсон ёслолын арга хэмжээнд зарлагадсан дүнтэй харьцуулахад 5 дахин нэмэгдсэн нь ёслолд хүрэлцэн ирэгсэд урьд өмнө нь байгаагүй олон хүнийг хамарсантай холбоотой. 

Эзэн хааны хаан сэнтийд залрахыг тохиолдуулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор одоогоор дэлхийн 174 улс орон болон нутаг дэвсгэрээс 70 гаруй төр, засгийн тэргүүн нарыг багтаасан 400 зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Зочид, төлөөлөгчид дунд Бельги, Бутан, Испани, Камбож, Малайз, Нидерландын хаад болон Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз, Австри, Энэтхэг, Унгар, Филиппин, Финландын төрийн тэргүүнүүд байгаа аж. 

ОХУ-аас энэ арга хэмжээнд тус улсын Холбооны Зөвлөлийн дарга Ильяс Умаханов оролцох гэж байгаа бол Хятадаас тус улсын Дэд дарга Ван Цишань, АНУ-аас Тээврийн сайд Элейн Чао нар оролцох аж.  

Түүнчлэн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд зардлын нэлээд хэсгийг зарцуулж байгаа аж. Гадаадын зочид төлөөлөгчдөөс гадна Японы 1600 гаруй төлөөлөгч энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж байгаа юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг