Үе үе кабинетийн сайд нараа суулгаад телевизийн камерын өмнө улайтал нь загнаж хатуу үг чулууддаг Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн өмнөөс дуугардаг эрх мэдэлтэн ховор. Харин өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өмнөөс нь хариу барьсан юм. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хүнд жингийн коммунист" гээд ном гаргасан юм аа даа. Тиймэрхүү зүйл сонсогдсон, би олж хараагүй. Амьдрал дээр арай хүнд жингийн комунист болчихсон юм биш биз дээ. Өнөөдрийн байдал, таны гаргаж буй үйлдэл, хэлж буй үгс, бид нарт гаргаж байгаа дээрэнгүй байдлыг би үнэндээ ойлгохгүй байна.

Би таныг өмнө нь хүндэлж явсан юм. 2018 онд намаа хоёр хуваачихлаа.Одоо нийгэмчлэх, хөрөнгө хураах асуудал яригдаж байна. Нийгэмчлэх хөрөнгийн жагсаалт гаргах юм аа даа. Ж.Энхбаяр гишүүнээс "Варьетта" чуулгын байрыг чөлөөл, Баттөмөр гишүүнээ бензиний үнээ буулга, Солтан гишүүнээ шаазан ваарны үйлдвэрээ өг, Элдэв-Очир гишүүнээ "Спирт бал бурам"-ын үйлдвэрээ өг гэх үү. Ингээд нийгэмчлээд 2019-2020 онд их цэвэрлэгээ явах бололтой. Байнга л их цэвэрлэгээ хийнэ гэж байнга ярьж байна. 2020 онд сонгуулийн өмнө нэг хүнийг шүтсэн авторитар дэглэмтэй, шинэ МАНАН-тай улс болох юм уу гэсэн айдас төрлөө. Ирэх оны сонгуульд энэ бүхнийг харж дүн тавих байлгүй. Энэ бүхнийг хараад надад хэлэх үг ч олдохгүй байна.