Замын-Үүд боомт ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламжтай боллоо. Шинэхэн байгууламжийг ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн ордны буцалтгүй тусламж болох нэг сая юаны хөрөнгө оруулалттайгаар барьж өнөөдөр ашиглалтанд оржээ.

Энэхүү төхөөрөмж нь хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг автоматаар мэдэрдэг, ариутгалын бодисыг найруулан мананцар үүсгэн халдваргүйжүүлдэг сүүлийн үеийн технологитой ажээ.

Ингэснээр МХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар мал амьтан, ургамлын гаралтай хорио цээртэй зүйлс нэвтрэхээс урьдчилан сэргийлж, барааны аюулгүй байдлыг хангах боломж бүрдэж байгаа юм. Цаашид байнгын ажиллагатай 26 боомтод ариутгал, халдваргүйтгэлийг энэ жишгээр барих саналыг албаны хүмүүс уламжлахаар төлөвлөж байна.