Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Занаду майнз" компанийн хувьцааны ханг 36 хувиар өссөн байна.Энэ бол хоёрхон хоногийн өсөлт юм.

Энэхүү өсөлт нь Stockhead.com.au дээр гарсан мэдээлэлтэй холбоотой. Уг мэдээлэлд Занаду майнз компанийн танилцуулахдаа гурван жилийн өмнөх тооцооллоос зэсийн агууламж 400 хувь, алтны агууламж 249 хувь нэмэгдсэн талаар гарчээ. Мөн нөөц нь үүнээс ч их нэмэгдэх магадлалтай талаар бичсэн байна. 

Хармагтай төсөл нь Улаанбаатараас 420 км, Оюутолгойгоос хойш 120 км, Цагаансуваргаас баруун 100 км зайд оршдог. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаансуваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.

Энэ орд Оюутолгойн ордтой төстэй. Тиймдээ ч уул уурхайн салбарынхан хоёр дахь Оюутолгой хэмээн нэрийдээд буй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээл дээр өрсөлдөхүйц болох нь шинжилгээний дүнгээр батлагдсан. Мөн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтой гэдгийг хайгуулын ажлын явцад улам бүр баталгаажуулаад явж байгаа аж.