Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын "Дисковер Монголиа" чуулга уулзалт  уламжлал ёсоор энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Дисковер Монголиа” чуулганд оролцож буй хөрөнгө оруулагчдын хүлээж оролцдог арга хэмжээний нэг нь "Засгийн газрын цаг" юм. Чуулганы хоёр дахь өдөр буюу баасан гаригт "Засгийн газрын цаг"-тай юм байна. "Засгийн газрын цаг"-т УИХ-ын гишүүн А.Ундраа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар оролцохоор болжээ. Хөрөнгө оруулагчид энэ үеэр засаг төлөөлсөн хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авна. Энэ жилийн хувьд Засгийн газар хөрөнгө оруулагчид, гадаад дотоодын оролцогчдын саналыг шууд хүлээн авна гэж чуулга уулзалтыг зохион байгуулагч Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийнхан онцолж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдын санал Засгийн газрын холбогдох байгууллагаар дамжихгүйгээр шийдвэр гаргах төвшний албан тушаалтнуудын анхааралд очих аж.