Зорилго тавихын хувьд хүмүүс хоёр төрөлд хуваагддаг. Эхнийх нь бол зорилгыг тодорхой тавьдаг хүмүүс. Тэд хуучин тогтолцоог шүтэгчид ба яг юу хийх, хэр хугацаанд хийхээ тодорхой мэдэхийг хүсдэг. Жишээ нь “Би 6 сарын дараа харилцагчдын тоог 18 дахин нэмэгдүүлмээр байна”.

Тэд ихэнхдээ (эсвэл бүүр байнга) хүссэн хугацаандаа хүссэн зүйлээ авч чаддаг. Гайхалтай. Хэрэв та энэ бүлэг хүмүүст хамаардаг бол цааш нь унших хэрэггүй дээ. Танд бол ямар ч хэрэггүй.

Гэхдээ мөн хоёр дахь бүлгийн хүмүүс бий. Эдгээр хүмүүсийн хувьд зорилго тавих гэдэг нь инээдтэй, итгэмээргүй зүйл мэт санагддаг.

Би бол хоёр дахь бүлэгт хамаардаг төрлийн хүн. Хэрэв би тодорхой хугацаанд хийх ажлын жагсаалт гаргавал хугацаа дуусах үед хийхийг төлөвлөсөн ихэнх ажлууд маань ямар ч хэрэггүй болдог. Яагаад ч юм миний анхаарал өөр зүйл рүү шилждэг, бүр шинэ санаа орж ирдэг, эсвэл би “49 кг хүртэл турах зорилгыг хардаг”, тэгээд өөрөөсөө “Өө, ер нь би яах гэж энэ жагсаалтыг гаргасан юм бэ?” гэж асууна. Эсвэл жагсаалтад орсон ажлыг маш их хүч хөдөлмөр гаргаж дуусгадаг ч эцэст нь сэтгэл ханамжгүй үлддэг байлаа.

Миний нэг найз бүсгүйн хэлсэнчлэн “Би зорилго тавихаа аль дээр үеэс больсон. Учир нь угаасаа төлөвлөсний дагуу явдаггүй юм чинь”. Тэр нэг удаа зорилго тодорхойлдог сургалтад суугаад ирэх жилийн амьдралаа төлөвлөсөн. Жилийн эцэст тэр над руу инээд алдан залгасан:

Чи төсөөл дөө, миний тавьсан долоон том зорилгын зөвхөн нэг нь л “амьд” гарч чадсан. Нэгдүгээрт, би өөрийн хуулийн компани нээхээр төлөвлөсөн, гэтэл хэдэн сарын дараа надад илүү гоё санал гарч ирсний улмаас би энэ ажлыг жагсаалтаас хассан. Дараа нь  нэг жилийн хугацаанд салса бүжиг сайн сурахыг хүссэн, даанч эхний өдрийн хичээл дээр миний нуруу өвдөж эхэлсэн болохоор би тэр орой нь маш санамсаргүй байдлаар усан санд явж эхлэсэн. Гуравдугаарт, би аялалаар *** газар руу явахыг маш их хүссэн юм. Гэтэл тэндхийн аюулгүй байдал алдагдаж би дуртайяа энэ төлөвлөгөөгөө хойшлуулсан. Дөрөвдүгээрт, би гал тогоондоо засвар хийхээр төлөвлөсөн. Гэтэл нөхрийн машин нь эвдрээд засвар хийх гэж байсан мөнгөөр шинэ хөдөлгүүр авсан. Би үргэлжлүүлэх үү?

Эцэст нь тэр дахиж ямар ч зорилго тавьж байхгүй гэж бат шийдсэн гэдгээ хэлсэн.

Танд ч гэсэн иймэрхүү зүйл тохиолддог болов уу. Магадгүй танд “Шинэхэн гарааны бизнесийн төсөл боловсруулж энэ тэнэг ажлыг хаях” гэж бичиж байсан биз. Гэтэл хоёр долоо хоногийн дараа яг энэ байгууллагаас чинь өөр албан тушаал санал болгоно тэгээд л танд магадгүй илүү санагдаж тэндээ л үлдэнэ. Эсвэл та ажилдаа илүү их цаг зарцуулах төлөвлөгөө гаргах боловч таны сэтгэл тавгүйтэж ажил тань хойш тавигдан гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүснэ.

Гэхдээ зорилго тавихтай холбоотой хамгийн муухай зүйл нь дотоод амлалтаа зөрчих юм. Чи өөртөө “Би энэ арван зорилгыг биелүүлнэ гэж өөртөө амласан шүү дээ? Гэтэл энэ арвын найм нь аль хэзээний сонирхолгүй болсон байна! Би ер нь хэн юм бэ?” гэж хэлдэг.

Төлөвлөгөө хамаагүй!

Энэ тохиолдлын дараа би дахиж зорилгын жагсаалт гаргахгүй байхаар шийдсэн. Миний толгойд маш олон санаа, бодол эргэлдэж байлаа. Үүнийгээ би бусадтай хуваалцмаар байсан хэрэг. Жилийн эхэнд би “Миний санаануудыг энэ жил дор хаяж 5000 хүн мэддэг болоосой” гэж бодсон. Тухайн үед би 250 хүний сургалт хийдэг байсан ба зорилгодоо хүрэхийн тулд 20 удаагийн сургалт явуулах шаардлагатай байсан.

Би зорилгодоо хүрэхийн тулд өдөр болгоны ажлаа сайтар төлөвлөдөг байсан. “Сайн хичээхээс аргагүй” гэж өөртөө хэлэн бусад хүмүүсийн дунд уусан алга болж болохгүй шүү гэж сануулсан.

Гэтэл хэдэн сарын дараа яг вирус шиг энэ номыг бичих санаа гарч ирсэн. Хэдхэн хоногийн дотор хэвлэлийн газраас энэ номыг баталж харин гурван сарын дараа гар бичмэл нь бэлэн болсон байв. Илүү олон хүнд санаагаа хүргэх боломж надад гарсан.

20 удаагийн сургалт явуулах зорилго тавьсан байсан. Хэдэн удаа явуулсан бэ? Тэг.

Гэхдээ миний зорилгын мөн чанар хэдэн хувь биелсэн бэ? 1000 хувь.

Миний төсөөлж байснаас ч илүү үр дүнтэй болсон. Миний бодлоор үүнийг гайхамшиг гэх байх.

Одоо жаахан онгирьё. Дээд тэнгэрт бидэнд зориулан хадгалагдаж байгаа гайхалтай төлөвлөгөө байдаг гэдэгт би итгэдэг. Бидний төсөөлж байгаагаас ч илүү тод, гэрэлтэй, өөдрөг. Бидний итгэл үнэмшилд туршлага, санаа зовнил мэдрэмж маань саад, хориг болдог. Гэхдээ энэ бол зүгээр л хямд маркетингийн арга.