Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/, Авто тээврийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга "Монгол, БНХАУ, ОХУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан "Азийн автозамын сүлжээгээр олон  улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд байгуулсан. Улмаар 2019 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. 

Тус хэлэлцээр нь далайд гарцгүй Монгол Улсын хувьд Ази-Европыг холбосон хамгийн дөт зам. Улсын эдийн засаг, тээвэрлэгч, ААН-үүдэд үр ашигтай байх тээвэр юм. 

2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын тээвэрлэлтийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр ЗТХЯ идэвхтэй ажиллаж байна. Шинээр Польш, Герман, Чех, Гүрж, Славак, Унгар, Литив гэсэн 7 улстай зөвшөөрлийн бичиг солилцоод тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой боллоо. Улмаар нийт 16 улс руу манай улсын тээвэрлэгчид чөлөөтэй тээвэрлэлт хийх боломж бүрдсэн. ОХУ-ын Улан-Үд хотоос Монгол Улсаар дамжаад БНХАУ-ын Тяньжин хотын боомт руу тээвэрлэлтээ эхлүүлээд, амжилттай явж байна. Тэгэхээр монгол жолооч нар дээрх чиглэлд бүх төрлийн ачааг стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр гүйцэтгэх, олон улсын тээвэрлэлтэд оролцох боломжийг ЗТХЯ-наас бүрдүүлсэн" хэмээлээ

Монголын жолооч, компаниуд энэ тээвэрлэлтийг гүйцэтгэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай 

1.Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, хувь хүний албан хүсэлт;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3. Тээвэрлэлт хийх маршрут, чиглэлийг тодорхойлсон зураг /АН3, АН4/;
4. Ачаа илгээгч, эсхүл хүлээн авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний хуулбар;
5. Евро 4 стандарт болон түүнээс дээш ангиллын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэх, тээврийн хэрэгсэл бүр дээр автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах;
6. Тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, фото зураг /4 талаас, англи хэл дээр орчуулсан байх/;
7. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар /англи хэл дээр орчуулсан байх/;
8. Иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар /жолоочийн/

Дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Автотээврийн үндэсний төвд хандсанаар гурван улс дамжсан тээвэрлэлтийг эрхлэн гүйцэтгэх бичиг олгоно.

Одоогийн байдлаар тус чиглэлд монголын "Мон авто транс" компани тээвэрлэлт гүйцэтгэж эхэлжээ.

АН-3 зураг - Алтанбулагаас Замын-Үүдээр гараад БНХАУ руу явах чиглэлийг тодорхойлсон зураг, 

АН-4 зураг - Ховд аймгийн Булган сумын боомтоор, цаашлаад Баян-Өлгий аймгийн Улаан-Уулын боомтоор гарах чиглэлийг тодорхойлсон зураг