Зудад зутарсан боловсрол

Зудын хамгийн том хохирогчид нь малчны хүүхдүүд

Мал төрийн хамгаалалтад байна. Энэ бол Үндсэн хуульд туссан заалт. Харин мал маллаж буй хүнээ хэрхэн хамгаалдаг вэ? 

Хууль биш бодит амьдрал, тулгамдсан асуудлыг эхлээд ярилцъя. Малчдын хувьд малаа дагах уу, хүүхдээ дагах уу гэдэг сонголт ямагт тулгардаг. Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хөгжих орчин нөхцөлийг бодвол төв суурин бараадахаас өөр аргагүй. Гэтэл амьжиргааны гол эх үүсвэр малаа гаргуунд хаячхаж болохгүй. Нийт малчдад, тэр тусмаа зудад нэрвэгдсэн малчдад тохиолддог хамгийн том асуудал энэ.

Өнгөрсөн жил олон аймагт цагийн байдал хүндэрч, олон малчин хотоо харлуулсан хүндхэн өвөл, хаврыг үдсэн. Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн үнэлгээгээр улсын хэмжээнд  266 сумдад өвөлжилт хүндэрч, 8.1 сая мал хорогджээ. Улсын хэмжээнд 509 малчин айл хамаг малаа алдсан байна.

Энэ жил ч мөн өвөлжилт, хаваржилт хүндрэх  төлөвтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Ган, зуд хоёр байгалийн ердийн үзэгдэл шиг болж, давтамж нь ойртож байгаа нь мэдээж уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтолтой холбоотой. 

Хүний үйл ажиллагаа, ахуй амьдралд энэ нь шууд нөлөөлж буй. Юуны түрүүнд малчдын эрүүл мэнд, боловсролын асуудал зудтай жилүүдэд эрс хүндэрдэг. Зуд ганц хоёр өвлийнх бол хүүхдийн боловсролын хоцрогдол олон жилийн турш үргэлжлэх сөрөг үр дагавартай. Энэ нь цаашилбал амьдралын чанар, хүний хөгжлийн асуудал юм.

 

Зудтай жил хүүхдээ сургахаас урьтаж малаа онд оруулахыг  боддог

Нүүдлийн мал аж ахуй байгалиас шууд хараат. Тиймээс малчид тэнгэрийн царайг харж, цагийн аясыг дагадгаараа онцлог. Өвлийн жавар тачигнаж, цасан шуурга нүдэж эхлэхэд яалт ч үгүй хөдөө нутаг бодогддог. Хөдөө өссөн, өсөөгүй нь хамаагүй монголчууд бидний цусанд ийм шинж чанар, мэдрэмж байдаг байх. Хот, суурин газрынхан цас зудад тав тух алдахгүй л дээ. Харин малчдын хувьд өөр. Зун, намрын саруудад өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээлээ хэр базааж, малаа хэрхэн тарга тэвээрэг авхуулсан бэ гэдгээс эхлээд өвөл, хаврын цаг агаарын төлөв байдал, тэнгэрийн ааш аяг ямар байх нь тэдний хувьд маш чухал.

Нөгөө талд үр хүүхдээ сургуульд сургах ёстой. Сумын төвд дотуур байранд суулгах уу, харж хандах хүнтэй бол гэр барьж өгөөд амьдруулах уу. Айлд суулгах уу. Энэ мэт олон асуулт, сонголт тулгарна. Өөрсдөө өвөл, зунгүй малаа дагаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа хэдий ч хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийг хичээх нь мэдээж. 

Малчдын хүүхдүүд багаасаа гэрээсээ хол байж, дотуур байрны амьдралд шилжинэ. Бие дааж амьдрах чадвартай болно.

Гэхдээ малчны хүүхдүүдийн сэтгэл зүй онцлогтой. Ар гэр, аав, ээжээ санана. Малдаа ч санаа зовнино. Ухаан орохоосоо малын дэргэд өссөн хүүхдүүдэд энэ бол зүй ёсны мэдрэмж, хандлага. Ийм санаа зовнилоос үүдэлтэйгээр малчдын хүүхдүүдийн анхаарал төвлөрөл нь буурдгийг судалгаагаар тогтоожээ.

Өвөлжилт хүндэрсэн үед малчны хүүхдүүд хичээлээсээ чөлөө аваад, эсвэл хичээлээ таслаад ч хамаагүй аав, ээждээ дэм болохоор очих тохиолдол цөөнгүй.

Ингэж хөдөө мал дээр гарч, аав, ээждээ тусалж байх үедээ цахимаар суралцах боломжтой юу. Бараг л үгүй. Өдөржин малын захад өнжиж, борви бохисхийх завгүй малчны хөдөлмөрийг хамжилцаж, ачаа үүрэлцэж яваа хүүхдүүд нөүтбүүх дэлгээд хичээл хийж суух цаг зав ч байхгүй. Интернэт сүлжээ ч хангалтгүй. Зудтай үед малчин аав, ээждээ тусалж, хичээл завсардаж байгаа хүүхдүүд хоцрогдлоо арилгах боломж, шийдэл хомс гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор Боловсролын судалгааны хүрээлэнгээс өнгөрсөн өвөл төмөр зудтай, хаваржилт хүндэрсэн Баянхонгор, Сүхбаатар, Дундговь аймгуудаас 17 сургуулийг түүврээр сонгож, “Хичээл сургалтын үйл ажиллагаанд зудын үзүүлсэн нөлөө” сэдвээр тандалт судалгааг хийжээ.  

Тус судалгаанд хичээлдээ ирээгүй сурагчдын шалтгааныг багш нараас тодруулахад гэр бүлд нь хүн хүчгүй байх (38.5 хувь), цас орсны улмаас зам даваа хаагдах (30.1 хувь), сургуульдаа ирэх унаагүй (24.1 хувь) гэсэн шалтгаануудыг дурджээ.

Хичээлд ирээгүй сурагчдын 55-аас илүү хувь нь эрэгтэй сурагчид байгаа нь хөвгүүд сургууль завсардалтад илүү орж буйг харуулж байна гэж дүгнэж болохоор байна. 

Мөн дунд ангийн сурагчид хичээл таслах нь түлхүү ажиглагджээ. Харин ахлах ангийн сурагчдын тухайд  ЭЕШ-даа бэлтгэх хэрэгтэй тул, бага ангийн сурагчид хичээлээсээ хоцорно гэдэг шалтгаанаар хичээл таслах нь бага байдаг байна. 

Хүүхдүүд нь сумын төвийн дотуур байранд, эцэг эх нь хөдөө хоёр талд ийнхүү цасанд боогдох тохиолдол ч цөөнгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөстөж, хүүхдээ эргэж чадахгүй өвлийн гурван сарыг ч үдэх нь ч бий. Тэр хугацаанд хүүхдүүд гэрээ санаж, хүнс тэжээл, ахуйн хэрэглээний хомсдолд ч ордог. Сэтгэл санааны хямралд ч орно. Энэ нь мэдээж сурлагад нь нөлөөлнө.

Үүнээс дүгнэхэд малчдын хүүхдүүд зудаас болж жил болгоны өвөл хичээлээсээ завсардсаар боловсрол эзэмших боломж нь хумигдсаар байна. Мэдээж боловсрол чухал. Гэвч малчдын амин зуулга, орлогын эх үүсвэр бол мал аж ахуй нь. Мал үгүй бол тэдэнд амьдрал үгүй. Тиймээс зудад малаа хорогдуулахгүй байх нь тэдний хамгийн гол зорилго байдаг тул хүүхдийнхээ боловсролыг хоёрдугаарт тавиад байна уу гэлтэй.

Энэ оны байдлаар Монгол Улсад 66.8 сая мал тоологджээ. Харин бэлчээрийн даац 70 хувийн нөөцтэй байгаа нь сайн үзүүлэлт. Гэхдээ урьдчилсан төлөвөөр энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байхыг мэргэжлийн хүмүүс онцолжээ. Харин хур тунадасны хэмжээ дундаж байх төлөвтэй байна. Энэ нь зуд болох эрсдэл улам нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа хэрэг. 

Иймд малаа зудын эрсдэлд хорогдуулахгүйн тулд эртнээс бэлтгэж эхлэх нь зүйн хэрэг тул дараах зөвлөгөөг ОБЕГ-аас тодрууллаа.  

Зудыг эрсдэлгүй давахын тулд хэрхэн бэлтгэх вэ?

-Тал хээр, говийн бүсэд өвөлжөө, хашаа, саравч байгуулах

-Худаг гаргах

-Хувийн мал эмнэлгийг идэвхжүүлэх

-Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах

-Хүнс, бараа, түлээ материалын нөөц бэлтгэх

-Тэжээлийн ургамал тариалах

Зудтай хүнд жил байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тааж мэдэхгүйгээс хойно хүн бүлгүй малчдад илгээлтийн эзэн болж хүүхдүүд нь боловсролоороо хохирсоор байх уу? Эсвэл хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод зудад малаа хорогдуулах нь зөв үү? 





Холбоотой сэдвүүд

боловрсол зуд зудын эрсдэл

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.