Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Хятадад айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай зургаан талт яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай японы “Никкэй” сонин мэдээлэв.
 
Тус сонины мэдээлснээр, Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй уулзалтын үеэр энэ асуудлыг мөн хөндөж магадгүй юм байна.
 
Ким Жөн Ун өнгөрсөн сарын 25-28-нд Хятадад айлчилсан нь түүний Умард Солонгосын удирдагч болсноос хойшхи гадаад улсад хийсэн анхны айлчлал болсон юм.  
 
Хоёр Солонгос, Япон, Хятад, Орос болон АНУ-ыг оролцуулсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай зургаан талт яриа хэлэлцээг Умард Солонгосын эрх баригчдын санаачлагаар 2008 онд түр зогсоосон билээ. Харин тус яриа хэлэлцээг сэргээх зорилгоор Орос болон Хятадын эрх баригчид өнгөрсөн оны долдугаар сард АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой ажиллагааг давхар царцаах санаачлагыг дэвшүүлсэн юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг