Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хамтдаа шалгая, хамгаалъя” аян зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд нийслэлийн ГБХЗХГ-ын Хүүхэд хамгааллын мэргэжилтэн А.Анужин нийслэлийн 113-р сургуульд үнэлгээ хийж, хүүхдэд аюултай, эрсдэлтэй цэгүүдийг тодорхойллоо. 

Ингээд гарсан зөрчлүүдийг танилцуулъя.

  1. Хүүхэд гүйж яваад шууд унах эрсдэлтэй. Сургуулиас 50 метр дотор хүүхэд чөлөөтэй явах боломжийг бүрдүүлэх ёстой. Гэтэл сургуулийн хашааны гадна талын машины зогсоолын хажуугийн өндөр эрэгт ямар нэгэн хашлага, хаалт байхгүй байна. 

  2. Машины зориулалтын зогсоол байхгүй. Шороон замтай хэсэгт олон машин байршуулсан үед дундуур нь нэг чигийн хөдөлгөөн үүсдэг. Энэ хэсэгт машин хурдтай явах үед сургуулиас гарч ирсэн хүүхэд мөргүүлэх эрсдэлтэй байна.

  3. Сургуулийн хажуу талын авто замын баруун тал нь явган хүний замгүй. Харин зүүн талын явган хүний замын нэг тал хашлага, хаалтгүй. Хүүхэд халтирч унах эрсдэлтэй.  

Сургуулийн гадна талбайд үнэлгээ хийхэд хүүхэд эрсдэлд орж болзошгүй хэд хэдэн газар байна. Харин дотоод орчинд нь ямар нэгэн зөрчил, дутагдал илрээгүй. Өнгөрсөн жил сургуулийн хоёр давхраас хүүхэд унасан ч дахин эрсдэл гарахаас сэргийлж хамгаалалтын тор хийжээ. Ийнхүү эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд арга хэмжээ авч ажилласан нь харагдаж байна гэж дүгнэлээ.

“Хамтдаа шалгая, хамгаалъя”  аян нь хүүхэд гэртээ болон сургуульдаа аюул, эрсдэлгүй байх орчныг бүрдүүлэх зорилготой. Эхний ээлжинд эрсдэлтэй орчныг илрүүлж, дараа нь холбогдох байгууллагуудад энэ мэдээллийг хүргээд эрсдэлийг арилгаж, ажиллах юм байна.

Дэлгэрэнгүйг үзэх: