Peak.mn
05 сарын 10, 2021
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Улаанбаатар хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар аян-6” аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан, хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.
Тодруулбал, I үе шат зургадугаар сарын 10-25-ны, II үе шат наймдугаар сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжлүүлнэ.
Улаанбаатар хотын нийт улиасны 46.9 хувь нь эм улиас байдаг. 2021 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 235 байршилд 23.124 навчит мод, 4683 метр урт ургамлан хашлагыг хэлбэржүүлжээ. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 50 хувь хүртэл буурна. Энэ жил нийтийн эзэмшлийн 2000 улиасанд олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан, эм улиасыг тарихаар төлөвлөж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 129.4 га талбайн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг мэргэжлийн 44 аж ахуй нэгж, байгууллага хариуцаж ажилладаг. Үүнээс 14.9 га газрыг нөхөн зүлэгжүүлж, 22.9 га газрыг шинээр зүлэгжүүлэх юм. Мөн навчит болон шилмүүст мод, бут сөөг, ургамлан хашлаганд нийт 548.232 мод, сөөг тарина.
Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг "Өрх бүр хашаандаа мод тарья" уриан дор зохион байгуулах, нийслэлийн төвийн зургаан дүүргийн 100 хороотой хамтран 5000 орчим айл өрх мод тарихаар бэлтгэл ажлыг бүрэн хангуулж, “Тарьц, суулгац-2021" цахим үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байна.
Хотын гол болон туслах 32 гудамж, замуудад нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Тавдугаар 8-ны байдлаар нийт 24 гудамж, замуудад 223.500 метр урт заадас засварын ажлууд хийгээд байна. Засварын ажлын явц 75 хувьтай байгаа юм. Мөн 176 гудамж, замуудад нийт 45 мянган ам метр нүхэн эвдрэлд засварын ажил хийхээр төлөвлөснөөс нийт 6750 ам метрт хийгээд байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.