1. 100 мянган хүний хайр, итгэл найдварыг зангидсан Ч.Ганжавхлан

"Лантуун дохио" ТББ-с санаачилан хэрэгжүүлдэг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв 2 дахь салбарын барилгын дотоод заслын ажил ид өрнөж байна. Тус төслийг санаачлагч, "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан энэхүү төслөө ажил хэрэг болгохын тулд 2,4 тэрбум төгрөгийг сайхан сэтгэлт иргэдийн итгэл сэтгэлээр босгожээ.  Нийт 100 мянган иргэн, ААН өглөгийн гараа сунгаж “ид шидтэй” ах эгч нар болсон гэдгийг төслийн багийнхан дурдав. Анхны “Ид шидийн орон” төсөл ч мөн төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авахгүйгээр гурван айлын хашааг нийлүүлсэн газар сүндэрлэсэн түүхтэй. Ч.Ганжавхлан 2013 оноос нийгмийн ажилд бүх хүчээрээ зүтгэж, ном бичиж, “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, "Хамтын халуун сэтгэл", "Bright Mongolia”, “Кофе Монголиа”, "Self Publish Ulaanbaatar”, “Номын жор уулзалт” зэрэг клубийг үүсгэн байгуулцаж 1000 орчим залуусыг нэгтгэжээ. Хайраар дутаж яваа хүүхдүүдэд итгэл, залууст нэгдэж чадна гэсэн урам зориг хайрласан түүний босгосон Ид шидийн орон бол яах аргагүй энэ жилиийн гэрэл гэгээтэй, онцлох үйл хэрэг билээ.



2. Монголын язгуур урлагийг дэлхийд экспортлосон “The Hu”

“The Hu” ардын урлаг, хѳгжмийн зэмсгээ орчин үетэй хослуулж, фэнүүдээ монгол хэлийг сонирхох хэмжээнд очтол Монголоороо дуулж байна. Тэдний талаар Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж эхэллээ хэмээн барууны хэвлэлүүд бичиж эхлэв. 

Асар богино хугацаанд маш өргөн хүрээнд тэдний нэр алдаж түгэж, дэлхийн хөгжмийн ертөнцийн жагсаалт Billboard-ад Монголоос анх удаа багтсан, “Оддын дайн” цувралын цахим тоглоомд дуу хөгжмөөрөө мөнхөлсөн хамтлаг болов. Энэ бол Монголын соёл урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх онцгой үйл явдал байлаа. Английн нэрт судлаачийн хэлснээр дэлхийн рок урсгал хөгжлийнхөө дээд түвшинд очоод бараг унтрах тийшээ хандаж байхад The Hu хамтлаг дахин амьсгалуулж аварч чадсан юм.  Тэдний амжилтыг Монголын төр зүй ёсоор үнэлэн Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоо гардуулсан билээ. Сонирхуулахад гадаадад байгаа монголчууд тэдний ачаар ам бардам монгол хэмээн өөрийгөө танилцуулах болсон гэдэг шүү.


3.Дэлхийн рекордыг эвдсэн 85 настай Монгол өвөө

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж 3 алтан медаль авч  дэлхийн рекордыг шинэчилж монгол түмнээ баярлуулсан юм.  Түүний өрсөлдөгчдийн ихэнх нь олимпийн дэлхийн аваргууд байсан бөгөөд биеийн тамирын багшаар ажилладаг гэхэд зохион байгуулагчид итгээгүй аж.

30 гаруй жил спортоор хичээллэн биеийн тамирын багшаар ажилласан Ц.Раднаа гуай Өмнөговь аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Гэсэн хэдий ч спортоо орхиогүй өглөө, оройдоо заавал дасгал хийж заншсан, долоо хоногтоо хоёр ч удаа бүжгийн клубт явдаг гэнэ. Ядарч алжаахаас сэргийлж хар ямааны борцоор шөл хийж уудаг хэмээн өгүүлсэн. Хичээж чадвал амжилт заавал ирдэг гэдгийг биеэрээ үлгэрлээсэн тэрбээр залуустаа архи тамхинаас хол байж, спортоор хичээллэхийг захьсан билээ.


4.Түрийвч дүүрэн үнэт эдлэлийг эзэнд нь олж өгсөн хүү


Гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олж эзэнд нь буцаан өгсөн хүүг Б.Уранбат гэдэг. Хүү анх байрныхаа үүднээс тэрхүү хэтэвчийг олонгуутаа ойр хавийн бүх дэлгүүрээр нь орж эзнийг нь эрсэн олоогүй аж. Эцэст нь аавтайгаа хаягийнх нь дагуу эзэнд хүргэж өгсөн байна. Хүүгийн энэхүү үйлдэл олон хүний сэтгэлийг хөдөлгөж мөн шударга ёсны үнэ цэнийг бага боловч ойлгуулсан. Тусч, сайхан сэтгэлт хүү Б.Уранбат хүү цэргийн дарга болохыг хүсдэг.

Тэрээр ангийнхантайгаа хамтран ангийнхаа сурагч О.Ундралын эмчилгээний зардалд зориулан гар урлалын эд зүйлс хийж худалдан хандивын аян зохион байгуулж олны дэмжлэгийг авсан билээ.Хүүгийн энэхүү үйлсийг анх ээж нь нийгмийн сүлжээнд хуваалцсан бөгөөд үүнийг нь сонссон нэгэн бүсгүй сайхан сэтгэлт хүүд 2 сая төгрөг төгрөг өгчээ. Харин хүү шагналынхаа мөнгөө ангийнхаа хүүхдийн эмчилгээний зардалд хандивласан байна.


5. Онгоцонд хүний амь аварсан Монгол 

АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд явсан С. Цэрмаа гэх Монгол бүсгүй хүний амь аварч, элэг нэгтнүүдээ огшоосон билээ. Тэрбээр онгоцонд ухаан алдсан хүнийн хажууд бүтэн зургаан цагийн турш байж, тусламж үзүүлжээ. Түүний сайхан сэтгэл, мэргэжлийн чадварыг үнэлж “United air” аяллын компаниас түүнд 150 ам.доллар буюу 400 мянган төгрөгийн шагнал өгсөн байна. Энэ үйл явдлын талаар С.Цэрмаа өөрийн цахим хуудаст “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй” хэмээн бичжээ.