УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу сургуулийн дэргэдэх туслах аж ахуй нь ашгийн төлөө бус байх, хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой зохицуулалтыг сонголттой болгох, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар Засгийн газарт даалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсгээс боловсруулсныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Хууль батлагдсаны дараа хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хүүхдийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдсэнийг онцолсон юм.

Тэрбээр, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжих боломж бүрдэж байгааг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Улсын Их Хурлаас даалгаж буйг дуулгалаа.

Хууль батлагдсанаар дэлхийн 169 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцөл бүрдэж, ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна гэлээ.

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм.

Мөн хуралдаанаар Дараа нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсанБага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.