Энэ оноо дүгнээд, ирэх жилээ төлөвлөх гэж байна уу? Төлөвлөгөөндөө аль болох эртхэн оруулах нэг зүйлийг олсоноо хуваалъя. Авах гээхийн ухаанаар хандаарай. Энэ бол Hard skill, Soft skill -д суралцах тухай огт биш, харин “Зүрх сэтгэлийн боловсрол”-д суралцах тухай. Жишээ нь:

- Хайранд суралцах тухай (Өөрийгөө болон бусдыг хайрлаж сурах тухай. Жинхэнэ хайр чамаас гарах үед бүх зүйлд талархмаар санагдана. Бүх зүйлд талархах мэдрэмж төрнө, тэр үед хайр яг л бороо шиг асгардаг, нулимас урсдаг…

- Уучлалд суралцах тухай (Хүмүүс ихэвчлэн би аль хэдийн уучилсан, гэхдээ … гээд араас нь шүд зуугаад эсвэл өнгөрсний харамсал гомдол тээгээд байдаг. Жинхнээсээ уучлах үед хайр, талархал мэдрэгдэнэ. Өөрийгөө эхлээд уучлах үед бусдыг уучлах амархан болдог. Өөрийгөө уучлаад өнгөрсөн бүх сонголт шийдвэрүүдээ хүлээн зөвшөөрөх үед хүлээс тасардаг. Бүх зүйл шинээр эхлэх боломжтой болдог.)

- Авахад биш өгөхөд суралцах тухай ( Бид бүгд л авахын төлөө амьдарсаар ирсэн. Хүүхэд байхдаа хоол хувцас авхуулдаг байсан бид оюутан болоод боловсрол авахад, ажилд ороод цалин, туршлага авахад, настай болоод тэтгэвэр авахад….Энэ удаад та өгч чадах бүх зүйлээ өгөөд үзье гэж бодоод үзээрэй. Ганц инээмсэглэл, магтаал урамшууллын үгээс эхлээд мэддэг чаддаг бүх туршлагаа бусдад хуваалцаад, өгөөд үзээрэй. Танд өгөх зүйл зөндөө бий. Өгөх нь авахаас илүү ерөөлтэй гэдэг)

- Бясалгалд суралцах тухай (Жинхэнэ бясалгал мэдрэмж дээр төвлөрдөг. Амьсгалаа мэдрэх, биеэ бүрэн мэдрэх, ууж байгаа цай, кофены амтаа мэрэх, хоолны амтыг мэдрэх, алхаж байхдаа алхаагаа, хөлөө мэдрэх бүгд бясалгал. Энэ бол одоо цагтаа амьдрах тухай, энд орших тухай.)

- Хүлээн зөвшөөрч сурах тухай. (Өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах тухай. Бид үргэлж бусдыг өөрчлөх гэж зовсоор, өөрчлөгдөхийг хүлээсээр өөртөө хүлээлт үүсгэж, бусдыг шүүмжилж зовлон хураадаг юм байна. Гэвч хүн өөрчлөгдөх бараг боломжгүй. Энэ нь түүний хэлж буй “Би удахгүй өөрчлөгдөнө” гэдэг үгнээс огт хамаарахгүй, зөвхөн хүүхэд насанд үүссэн далд ухамсарт байгаа зүйлтэй холбогддог учраас тэр түвшиндээ хүрч ажиллаагүй хүн өөрчлөгдөх ямар ч боломжгүй. Тэгэхээр та амар амгалан, аз жаргалтай байхын тулд байгаагаар нь хүлээн зөвшөөрхөөс өөр сонголт байхгүй)

-Өөрийгөө танихад суралцах тухай өөр рүүгээ орох тухай тэгээд өөрийн дотоод (inner child)хүүхдийг таних тухай. Ер нь бас л трауматай холбогдоно. Гэхдээ өөрийн траумаг таньсанаар өөрийгөө таних алхам тавигдана. Би яагаад огцом уурладаг, би яагаад өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, би яагаад дандаа буруу сонголт хийдэг, би яагаад тайван байж чаддаггүй, би яагаад дотроо дургүй ч гэсэн хүмүүст За гэж хэлээд байдаг, би яагаад ийм хатуу зүрх сэтгэлтэй, би яагаад нүүр тулахаас зугтаадаг хүн гэх мэт олон асуултын учиг трауматай, хүүхэд насанд үүссэн сэтгэл зүйн гэмтэлтэй шууд холбоотой.)

-Сэтгэл зүйд суралцах тухай (Бид бүгд хүмүүстэй харилцдаг. Асуудал харилцаан дээр үүсдэг. Тиймээс бусадтай холбоотой харилцааны асуудлыг зогсоохын тулд Эхлээд өөрийн сэтгэл зүйг ойлгохоос, өөрийгөө танихаас эхэлнэ. Өөрийн траумаг ойлгохоос эхэлнэ. Чи өөрийн траумаг таних үед бусдын траума автоматаар уншигдана. Бусдын траумаг таних үед тэдэнтэй ойлголцох амар болно.)

-Дэлхийн оюун санааны их мастеруудаас шууд суралцах тухай (Бусдыг сохроор дагаж болдоггүй. Ямар ч трауматай хүн ямар ч зөвлөгөө өгөө билээ, түүнийг нь шууд авч болохгүй. Жинхэнэ багшийг сонгох шалгуур нь ХАЙР. Далай лам, Oprah Winfrey, Deepak Chopra, Eckhart Tolle гэх мэт амьд гэгээнтнүүд, оюун санааны мастерууд их байна. Тэдний үнэ төлбөргүй атлаа гайхалтай мэргэн ухааныг заасан бясалгал, лекц, ярилцлага Youtube-р дүүрэн байна. Сонсоод, туршаад үз. Та энерги, байгалийн болон ертөнцийн хуулинд итгэхгүй байна гэдэг нь тийм зүйл огт байхгүй гэсэн үг биш шүү дээ. Тэ? Таны хувьд байдаггүй, мэдэхийг хүсдэггүй зүйл зөндөө байгаа бол яах уу? )

-Шүүмжлэхгүй байхад суралцах тухай (Тайлбарлахад хэцүү ч судласнаар, ойлгосноор, заалгаснаар мөн өөрийн туулсан туршлагаар өөрийгөө хамгийн их шүүмжилдэг хүн бусдын тухай зогсоо зайгүй шүүмжилж байдаг. Өөрийгөө бусдаас тольдож байгаа хэрэг. Шүүмжлэл ямар ч тусгүй. Гэхдээ энэ бол тархины автомат үйлдэл, биднийг хүүхэд байхаас суулгасан програм. Ядаж хүүхдээ битгий шүүмжлээрэй. Өөрийгөө уучлан, хайрлах, өөрийгөө шүүмжлэхгүй өөртөө талархах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх үед бусдыг шүүмжлэх бүх зүйлс аяндаа зогсдог. Учир нь таны дотор хайр үүссэн учраас)

 Authentic байхад суралцах тухай. Энэ маш чухал, бараг хамгийн чухал нь. Өөрийн мөн чанараар буюу Authentic байх тухай. Хэрхэн тийм байх вэ? гэж хайх явцад сүүлийн хоёр жил дээрх бүхний зах зухаас суралцах боломж олдсон билээ. Дөнгөж аан, ийм байдаг юм байна гэж таньсан төдий жил 2022 он байлаа. Зүрх сэтгэлийн боловсрол их чухал санагдсан.

Ийшээгээ цаг алдалгүй аль болох эрт суралцаад явах нь таныг илүү аз жаргалтай, амар амгалан, сэтгэл хангалууд амьдралаа үргэлжлүүлэхэд дэмтэй. Тэгээд хуваалцлаа. Чи заавал бүх хариултыг одоо мэдэх албагүй, зүгээр л сурах хандлага, хүслээ ертөнцөд даатгаад орхих хэрэгтэй. Арга замууд өөрсдөө гарч ирнэ гэдэгт итгэ. Би ч бас яг л ингэсэн.

2022 онд учирсан бүх гайхамшигт багш нар, найз нөхөд, сорилтууд, боломжууд, гунигтай бөгөөд гайхалтай мэдрэмжүүд гэх мэт бүхий л зүйлд талархаж байна. Надад их хичээлийг зааж өглөө.

Дараа дараагийн бүхий л сорилтууд, боломжууд, шинэ найзууд, шинэ багш нарыг хүлээн авахад бэлэн боллоо 2023 он минь. Намайг улам их хайраар дүүргэж, одоо цагт байлгаж, өөрийгөө болон бусдыг илүү ихээр таньж ойлгоход, байгаагаар нь бүхнийг бүхнийг хүлээн зөвшөөрөхөд, Authentic байхад, илүү гүн бясалгал төвлөрөлд орж, оюун санааны хувьд дараагийн шатанд гарахад туслаарай.