Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож,  6 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг товчоор хүргэе.

Олон нийтийн төвд “Авлигын эсрэг сургалт”-ыг 9 удаа зохион байгуулж, нийт 926 төрийн албан хаагчийг хамруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын байгууллагуудын санхүүгийн ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцсон 151 хүн, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 50 хүн, Батлан хамгаалах салбарын санхүүгийн асуудал хариуцсан 180 хүн, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн 15 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургалт, мэдээлэл хийв.

Сургууль цэцэрлэгтэй холбоотой гомдол нэмэгдсээр

Энэ удаа сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хандив, төлбөр хураамжийг хавтгайруулан хураах, зориулалтын бусаар зарцуулах, боломжгүй, гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж буй талаарх гомдол мэдээлэл АТГ болон Нийслэлийн боловсролын газарт ихээр иржээ. Түүгээр зогсохгүй ангийн эцэг эхийн зөвлөл санаачлан дураараа мөнгө хураах, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах үзэгдэл газар авч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа талаар гомдол гаргасан байна Иймд салбарын хэмжээнд үйлчилж байгаа хууль, дүрэм журмын зохицуулалтыг илүү тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр АТГ болон БСШУСЯ, НМХГ хамтран ажиллахаар боллоо. 

“Монголросцветмет"-ийн 2 тэрбум 327 сая төгрөгийн худалдан авалтыг шалгана

АТГ “Монголросцветмет” ХХК-ийн 2017, 2018 оны худалдан авах ажиллагааг шалгажээ. Шалгалтаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтууд хэрэгждэггүй, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй нь илэрсэн гэв.

Мөн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудлаас болж компанийн Төлөөлөн удирдах зөвлөл албан ёсоор томилогдоогүй, улмаар тус компанийн худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй байжээ. Энэ мэтт зөрчлөөс гадна худалдан авалтын төлөвлөгөөг ил тод зарлаагүй, урьдчилгаа төлбөрийн баталгаагүй байхад урьдчилгаа төлбөр олгосон, харьцуулалтын арга хэрэглээгүй зэрэг зөрчил бүхий нийт 2 тэрбум 327 сая төгрөгийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг судлахаар болжээ. 

Албан ажлаа хийж байхдаа бэлэг авсан албан хаагчийг хууль бусаар олсон 10 сая төгрөгийг гаргуулж торгожээ

АТГ-аас Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нарт  арга хэмжээ  авчээ. Тэд төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь илэрчсэн юм. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн билээ. Ингээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:


    • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамал нь тус сумын Засаг даргыг огцруулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн гэх хэрэг,
    • УБЕГ-ын харьяа Нийслэлийн бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн иргэн C-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг бусдын эзэмшил рүү хууль бусаар шилжүүлж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
    • “Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-ын дарга Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
    • МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар  нийт 24 удаагийн үйлдлээр бусдаас  хахууль авсан хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.